Уншиж байна ...

Өнөөдөр нийслэлийн дөрвөн байршилд зам засвар, шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэхээр болсон байна

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод орсон анхны цаснаар буюу аравдугаар сарын 20-нд "Хасах градуст авто замыг хучих боломжгүй тул авто замын төслүүдийг түр зогсооё. Технологийн горим алдагдана. Тиймээс дулааны улиралд буюу хавар авто замын ажлыг үргэлжлүүлье" гэж Хотын даргын орлогч Т.Даваадалай мэдэгдэж байв. Гэвч цаг агаар дулаарсантай холбогдуулан дөрвөн байршлын зам засвар, шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэхээр болсныг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ.

Тодруулбал Бага тэнгэрийн ам, Толгойтын замыг өнөөдөр өглөө хаасан бол бусад замын хөдөлгөөнийг өнөөдөр орой хаах юм байна.

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС НИСЭХИЙН ТОЙРОГ ЗАМ ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЖ ШИНЭЧИЛНЭ

зураг
 

Хан-Уул дүүрэг 8, 21-р хорооны нутаг дэвсгэр, Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог зам хүртэлх Урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замын 3 дугаар хэсгийн засварын ажлыг аравдугаар сарын 23-ны 23:00 цагаас аравдугаар сарын 25-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана.

Хойноос урагш чиглэлийн баруун хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулна.

ТОЛГОЙТЫН ЗАМААС ДАЛАН ДАГААД БАЯНХОШУУНЫ ЗАМ ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫГ ХААЖ ШИНЭЧИЛНЭ

зураг
 

Сонгинохайрхан дүүрэг, 4, 5-р хороо, Далан дагасан авто зам, Толгойтын замаас далан дагаад Баянхошууны зам хүртэлх авто замыг аравдугаар сарын 23-ны 05:00 цагаас аравдугаар сарын 23-ны 23:00 цагийн хооронд засварлана.

БАГА ТЭНГЭРЭЭС РИВЭР АМРАЛТ ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЖ ЗАСВАРЛАНА

зураг
 

Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Богд уулын арын авто зам “Бага тэнгэр”-ээс “Ривэр амралт" хүртэлх замыг аравдугаар сарын 23-ны 06:00 цагаас аравдугаар сарын 26-ны өдрийн 06:00 цагийн хооронд засварлана.

ДҮНЖИНГАРАВ ХУДАЛДААНЫ ТӨВИЙН БАРУУН УРД УУЛЗВАРААС 133-Р СУРГУУЛЬ ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЖ СУУРЬ ХУЧИЛТ ХИЙНЭ

зураг
 

Баянзүрх дүүрэг, 36 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас 133 дугаар сургууль хүртэлх авто замын суурь хучилтын ажлыг аравдугаар сарын 23-ны 23:00 цагаас аравдугаар сарын 26-ны 06:00 цагийн хооронд гүйцэтгэнэ.

Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.