Уншиж байна ...

Дубай хотод давхартаа ганц орон сууц багтах хэмжээний хэт нарийхан цамхаг сүндэрлэхээр болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Арабын Нэгдсэн Эмират Улсын санхүүгийн төв Дубай хотод давхартаа ганцхан орон сууц багтах хэмжээний хэт нарийхан цамхаг сүндэрлэхээр болжээ.

“Muraba Veil” нэртэй уг тансаг ангиллын орон сууцны барилга 380 метр өндөр, 22 метр өргөн байх тухай төслийг гүйцэтгэгч байгууллагууд мэдээлсэн байна.

73 давхар энэ барилга хоёроос таван унтлагын өрөө бүхий 131 орон сууцтай байх гэнэ.

Эндээс харвал зарим давхартаа нэг, зарим давхартаа хоёр орон сууцтай байх бололтой.

Төслийн захиалагч нь АНЭУ-д бүртгэлтэй Мураба компани бол барилгын дизайныг Испанийн RCR Arquitectes компани боловсруулжээ. Тус компани 2017 онд “Архитектурын Нобель” гэгддэг Pritzker Prize шагналыг хүртэж байсан юм.

Мураба болон RCR Arquitectes компаниудын тав дахь хамтарсан төсөл “Muraba Veil” юм байна.

Шинэ цамхаг 2028 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орох ажээ.

Дубай хотын зүрх болсон Шэйх Заедын өргөн чөлөөнд орших энэ цамхгийн нэг орон сууцны үнэ 18 сая дирхамаас ($4.9 сая) эхлэх юм байна.

Тус хотод дэлхийн хамгийн өндөр барилга болох 828 метр өндөр Бурж Халифа цамхаг байдаг.

2028 онд дэлхийн хоёр дахь өндөр барилга 725 метр өндөр Бурж Азизи ашиглалтад орох болсныг саяхан зарласан.

Дубай хот 300 метрээс дээш өндөртэй цамхгийнхаа тоогоор дэлхийд тэргүүлж байна.

 

Эх сурвалж: CNN