Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Өсөн нэмэгдэх эрчим хүчний хэрэглээ, өдрөөс өдөрт хомсдох үйлдвэрлэлийн зөрүүг цөмийн эрчим хүч нөхөх үү?

ikon.mn
2024 оны 10 сарын 23
IKON.MN
Зураг зураг
Janos Kummer (Getty Images)

Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахгүйгээр амьдрах аргагүй болоход хүргэж мэдэх дэлхийн дулаарлыг 1.5 хэмээс хэтрүүлэхгүйн тулд 2050 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулж, Net zero буюу ялгаруулсан хүлэмжийн хийгээ буцаан шингээсэнтэй тэнцэх хэмжээний санаачилгуудыг хэрэгжүүлсэн байх маш том зорилтыг улс орнууд нийтээрээ тавиад буй. Монгол Улсын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 22.7 хувьд хүргэж бууруулах хариуцлагатай амлалтыг НҮБ-ын индэр дээрээс зарласан билээ.

Тэгвэл энэ зорилтод хүрэхэд хамгийн том өөрчлөлт, шинэчлэл хийх шаардлагатай салбар нь эрчим хүч. Үүний зэрэгцээ бусад үйл ажиллагаагаараа дамжуулан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад ямар нэгэн байдлаар хувь нэмрээ оруулах шаардлага Монгол Улсад өдөр тутам тулгарч байгаа гэсэн үг. Яагаад гэвэл эрчим хүчний салбар дэлхийн нийт нүүрсхүчлийн хийн 75 орчим хувийг дангаараа ялгаруулж байгаа. Тийм ч учраас өнөөгийн эрчим хүчний үйлдвэрлэлийн эх үүсвэрийн 82 хувийг эзэлж буй шатмал түлшний хэрэглээг гурав дахин бууруулах зорилтыг санхүүгийн хөшүүргээр дамжуулан улс орнууд хэрэгжүүлж байгаа юм.

Гэтэл үүний нөгөө талд эрчим хүчний хэрэглээ жилээс жилд тасралтгүй өсөн нэмэгдсээр байгаа билээ. Дэлхийн эрчим хүчний хэрэглээ тасралтгүй өсөх бөгөөд 2050 он гэхэд цөмийн болон сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл өнөөгийн түвшнээс гурав дахин өсөх таамагтай байгаа.

График. Эрчим хүчний хэрэглээний бүтэц (2050 он хүртэлх төсөөлөл)

зураг
 

Эх сурвалж: eneroutlook.enerdata.net/forecast-world-energy-primary-consumption

Графикийн тайлбар:

EnerBase - Одоо байгаа бодлого, түүхэн чиг хандлагыг цаашид цаг уурын хүсэл эрмэлзэлгүйгээр үргэлжлүүлнэ гэсэн үг. Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад дэмжлэг үзүүлэхгүй тул эрчим хүчний хэрэгцээг нэмэгдүүлж, түлшний төрөлжилтийг хязгаарлах энэ хувилбар агаарын дундаж температур 3 хэмээс дээш өсөхөд хүргэнэ.

EnerBlue - 2030 он хүртэлх үндэсний хэмжээнд тодорхойлсон Тогтвортой хөгжлийн зорилтоо хэрэгжүүлж, бусад үндэсний амлалтуудыг амжилттай биелүүлэх ба 2030 оноос хойш ч тууштай хүчин чармайлт гаргана гэсэн үг юм. Энэ хувилбар нь дэлхийн дулаарлыг 2-2.5 °C хооронд өсөхөд хүргэнэ.

EnerGreen - Улс орнууд үндэсний амлалтаа илүү давуулан биелүүлж, хүлэмжийн хийг бууруулах зорилтоо тогтмол шинэчлэх хатуу бодлого барина гэсэн үг. Энэ өөрчлөлтүүд нь эрчим хүчний хэмнэлтийг мэдэгдэхүйц сайжруулж, сэргээгдэх болон цөмийн эрчим хүчний хэрэглээг хүчтэй нэвтрүүлэхэд хүргэх бөгөөд дэлхийн дулаарлын өсөлтийг 2 хэмээс бага түвшинд хязгаарлана гэсэн төсөөлөл юм. 2050 он хүртэлх зорилтоор цөмийн болон сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь тэнцүү байхаар тусгасан.

Харин нүүрс, хатуу түлшний хязгаарлах бодлого эрчим хүчний үйлдвэрлэлийг бууруулах эрсдэлтэй ч өнөөгийн чиг хандлагыг харахад 2050 он гэхэд үйлдвэрлэлийн эх үүсвэрийн 43 хувийг шатмал түлшээр хангасан хэвээр байх дүр зураг байна. Энэ тохиолдолд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тавьсан зорилт хангагдах боломжгүйг "Уул уурхайн долоо хоног 2024" хурал дээр "Эрчим хүчний шилжилтийн зорилтууд ба байгалийн ураны нийлүүлэлтийн үр дагавар" сэдвээр илтгэл тавьсан "Бадрах Энержи" компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеард тодотгосон юм.

Тэгвэл хэрэглээний өсөлт, үйлдвэрлэлийн бууралт хоёр дунд үүсэж байгаа энэ том орон зайг сэргээгдэх эрчим хүчээр бүрэн хангахад хуримтлуур маш ихээр хэрэгтэй буюу бүхэлд нь хангахад хүндрэлтэй. Харин цөмийн эрчим хүчинд ийм нөөц боломж байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эрчим хүчний хангамжид энэ салбар томоохон үүрэг гүйцэтгэх боломжтойг COP28 уулзалтаар хүлээн зөвшөөрөөд байна.

Товчхондоо нүүрсхүчлийн хийн ялгаруулалт багатай эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, нүүрс, шахмал түлш халах явцыг илэрхийлээд буй эрчим хүчний шилжилтэд цөмийн эрчим хүч томоохон байр суурь эзлэх нь хэдийн тодорхой болсон. Олон Улсын Эрчим хүчний Агентлагийн судалгаагаар нүүрснээс гарган авч байгаа эрчим хүчний үйлдвэрлэл өнөөгийн 27 хувиас 2050 он гэхэд 5% хүртэл буурах бол сэргээгдэх эрчим хүч 14%-аас 45% хүртэл гурав дахин нэмэгдэх төлөвтэй. Тэгвэл цөмийн эрчим хүч 4%-аас 12% хувь болж гурав дахин өсөхөөр байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлоготой салшгүй холбоотой.

Нүүрстөрөгч огт ялгаруулдаггүй гэдгээрээ ногоон, цэвэр эрчим хүчний эх үүсвэрт тооцогдож, албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж байгаа энэ салбарын өсөлт эрчимжиж байна. 2024 оны байдлаар 32 улсад цөмийн 416 реакторыг ашиглан эрчим хүч үйлдвэрлэж байгаа юм.

Сүүлийн гурван жилд Франц, Их Британи, Америк, Канад, Өмнөд Солонгос, Япон, Швед, Нидерланд улс цөмийн эрчим хүчний талаар улс төрийн шийдвэр гаргаж, энэ салбарыг хөгжүүлэх бодлогоо нээлттэй зарласан бол Гана, Кени, Польш, Саудын Араб, Турк, Уганда, Узбекистан улс шинээр энэ салбарыг сонирхож, төсөл хэрэгжүүлэхээр болоод буй. 

Өнөөдрийн байдлаар дэлхийн 15 улс цөмийн 59 реактор барьж байгаа бол зөвхөн БНХАУ 2050 он гэхэд 180 реактор шинээр байгуулахаа зарлав. Хятад улс 2035 он гэхэд эрчим хүчний үйлдвэрлэл, тэр дундаа цөмийн эрчим хүчний салбарт толгой цохихоор байгаа юм. Тухайлбал, уран олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч Казахстан улс 2024 оны аравдугаар сарын 6-ны ням гарагт цөмийн цахилгаан станц байгуулах талаар бүх нийтийн санал асуулга явуулсан бөгөөд иргэдийнх нь 71% дэмжсэн талаар Сонгуулийн төв хороо нь мэдээлээд буй.

Хэрэв 2050 онд хүлэмжийн хийн ялгарлыг Net zero түвшинд хүргэе гэвэл өнөөдөр цөмийн эрчим хүчээр үйлдвэрлэж байгаа 383 ГВт цахилгааныг 816 ГВт болгон нэмэгдүүлэх шаардлагатай.

Дэлхийн энэ чиг хандлагыг дагаад байгалийн ураны эрэлт хэрэгцээ нэмэгдэж, сүүлийн хоёрхон жилийн дотор үнэ нь 35 ам.доллароос 75 ам.доллар болж хоёр дахин өсөөд байгаа юм.

Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд эхний 10-т бичигддэг. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш манай улсад нөөц нь тогтоогдсон ураны найман орд бий. Үүнийг нэг нь Дорноговь аймгийн Улаанбадрах сум дахь Зөөвч-Овоо орд бөгөөд 93,291 тонн ураны нөөцтэй. Энэ нь сүүлийн 10 жилд дэлхийд олдсон хамгийн том ордод тооцогдож байгаа гэдгээрээ манай улсыг дэлхийн ураны зах зээлд хамаатуулж байгаа юм.

Монгол болон Францын Засгийн газар хамтран байгуулсан "Бадрах Энержи" компани энэ чиглэлээр 20 гаруй жил судалж, ажилласны үр дүнд Зөөвч-Овоод байгалийн уран олборлох үйлдвэрлэлийн туршилтыг 2021-2022 онд амжилттай гүйцэтгэж дууссан. Франц улсын ерөнхийлөгч Монгол Улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд уг төслийн хөрөнгө оруулалтын гэрээг түргэсгэн хоёр улсын ерөнхийлөгчийг байлцуулан өнгөрөгч 2023 оны аравдугаар сарын 12-ны өдөр Парис хотноо протоколд гарын үсэг зурсан билээ.

Хөрөнгө оруулалтын гэрээ энэ онд байгуулагдана гэсэн хүлээлт бий. Хэрэв хэлэлцээр амжилттай болж, хөрөнгө оруулалтын гэрээгээ энэ 2024 ондоо багтаан байгуулсан тохиолдолд Зөөвч-Овоо төслийн бүтээн байгуулалтын ажил ирэх онд эхэлж, Монгол Улс дэлхийн ногоон эрчим хүчний салбарт тодрон гарч ирж буй цөмийн эрчим хүчний түүхий эд ханган нийлүүлэгч болох зам тавигдана гэсэн үг. Ингэснээр манай улсын уул уурхайн экспортын төрөл нэмэгдэж, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт ч стратегийн хувьд тодоор бичигдэнэ. Хамгийн чухал нь ирээдүйд өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний их хэмжээний хомсдолыг нөхөж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд томоохон хувь нэмэр оруулагч буюу оролцогч болох боломж Монгол Улсад бий болох нь ээ.

Харин эсрэгээрээ хөрөнгө оруулалтын гэрээг амжилттай байгуулж чадахгүй бол Монгол Улс ураны зах зээлд шинэ тоглогч болох боломжоо алдах эрсдэл бас бий. Учир нь энэ зах зээлд үүсэж байгаа байгалийн ураны хомсдолыг нөхөх улс орнуудын сонирхол өсөн нэмэгдсээр байгаа бөгөөд Узбекистан, Канад  улсууд  л гэхэд ураны уурхайн хөгжүүлэлт, бүтээн байгуулалтаа эрчимжүүлээд байна. Уул уурхайн экспортоо солонгоруулж, стратегийн хөрөнгө оруулалт татах боломжийг Монгол Улс алдах аюултай. Яагаад гэвэл энэ төсөлд хамаарах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах нь Монгол  Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаагийн илэрхий дохио болох ёстой юм. Тиймээс Монгол Улсын хувьд ирээдүйн ногоон эрчим хүчний салбарт тоглогч болж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулж чадах торгон цаг хугацаа энэ үед тохиож байна.

 

Ц.Тамир, медиа аналист, нийтлэлч