Уншиж байна ...

Унагасан гар утсаа авах гээд хадны завсарт хавчуулагдсан эмэгтэйг гаргахад Австралийн аврагчид олон цаг зарцуулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 47 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын эхээр Австралид болсон маш ховор аврах ажиллагааны талаар орон нутгийн холбогдох албаныхан өчигдөр мэдээлжээ.

Матилда Кэмпбэл гэдэг нэртэй эмэгтэй Нью Соут Уэльс мужийн Хантер Валли нутагт аялж явахдаа гар утсаа гурван метр гүн хадны завсарт унагасан юм байна.

Тэрбээр гар утсаа авахын тулд хадны завсарт ороод гацжээ.

Хадны завсраар түүний хоёр хөлийн тавхай л харагдаж байсан байна.

Найз нар нь эмэгтэйг аврах гэж оролдоод бүтээгүй тул мэргэжлийн аврагчдыг дууджээ.

Аврагчдыг ирэхэд эмэгтэй хавчуулагдаад нэг цаг өнгөрсөн байв. Хэд хэдэн аварга том чулууг машин техникээр зайлуулсны эцэст долоон цагийн дараа эмэгтэйг гаргаж чаджээ.

зураг
 

“Би аврагчаар 10 жил ажиллахдаа ийм асуудалтай хэзээ ч тулгарч байсангүй. Хэцүү боловч үнэхээр гайхалтай ажиллагаа болсон” гэж Нью Соут Уэлсьс мужийн шуурхай тусламжийн мэргэжилтэн Питер Уоттс ABC сувагт ярьсан байна.

“Бид түүнийг яаж тэнд орсныг, бас бид яаж түүнийг гаргаж чадсанаа ч сайн ойлгоогүй” гэж тэр цааш нь ярьжээ.

зураг
 

Сонирхолтой нь аврагдсан эмэгтэйн биед бага зэрэг сорви, хөхрөлт үүссэнээс өөр гэмтэл бэртэл учраагүй юм байна.

Харамсалтай нь тэр ингэж зовсны эцэст гар утсаа авч чадаагүй гэнэ.

“Намайг аварсан та бүхэнд баярлалаа. Та нар жинхэнэ аврагчид шүү. Харин гар утасны хувьд л харамсалтай” гэж тэр сошиал хуудсандаа бичсэн байна.

 

Эх сурвалж: BBC