Уншиж байна ...

Сингапур улсыг үүсгэн байгуулагчийн отгон хүү Их Британид улс төрийн дүрвэгч болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
15 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сингапур улсыг үүсгэн байгуулагч Ли Куан Ю агсны отгон хүү Ли Сянь Ян албан ёсоор улс төрийн дүрвэгч болсноо өчигдөр зарлажээ.

Тэрбээр эх орондоо улс төрийн үзэл бодлын улмаас хавчигдан гадуурхагдах болсон үндэслэлээр Их Британи улсаас улс төрийн дүрвэгчийн статус авсан юм байна.

Тэрбээр аравдугаар сарын 9-нд нас барсан эгч Ли Вэй Линий хамт Сингапурын ерөнхий сайд асан ах Ли Сянь Лүнтэй олон жилийн турш зөрчилдөж байсан юм.

Хорь орчим жил ерөнхий сайдаар ажилласан Ли Сянь Лүн энэ оны тавдугаар сард албан тушаалаасаа бууж байв.

Ах дүүсийн хоорондох зөрчил 2015 онд нас барсан эцгийнх нь орон байртай холбоотой анх эхэлж байжээ.

Ахтайгаа муудсан отгон Ли 2020 оны сонгуульд сөрөг хүчний намаас нэр дэвшиж, бэлгэдлийн чанартай албан тушаал Сингапурын ерөнхийлөгчийн суудалд өрсөлдөхөө өнгөрсөн онд зарлаж байв.

Өчигдөр тэр Фэйсбүүк хуудсандаа 2022 онд Их Британиас улс төрийн орогнол хүссэн, энэ оны наймдугаар сард албан ёсоор дүрвэгчийн статус авснаа мэдээлжээ.

“Сингапурын засгийн газрын миний эсрэг хийсэн үйлдлүүд олон нийтэд ил тод байдаг. Тэд миний хүүд эрүүгийн хэрэг үүсгэж, эхнэрт минь сахилгын арга хэмжээ авч, олон жилийн турш сунжирсан хуурамч мөрдөн байцаах ажиллагааг цагдаагаар гүйцэтгүүлж байсан” гэж 67 настай Ли бичсэн байна.

Үүний улмаас эгчийнхээ оршуулгад оролцож чадаагүйгээ бас тайлбарлажээ.

“Эдгээр баримтууд дээр үндэслэн Сингапурт буцаж очих эрсдэлтэй болохыг минь Их Британийн засгийн газар тогтоосон” гэж тэр цааш нь бичсэн байна.

Түүний мэдэгдэлтэй холбоотойгоор Их Британийн тал ямар нэг тайлбар өгөөгүй бол Сингапурын засгийн газар “мөрдлөг хавчлага” явуулснаа үгүйсгэжээ.

зураг
 
Ах дүүс эцгийнхээ оршуулгын үеэр

Сингапурыг 30 гаруй жил удирдсан Ли Куан Ю 2015 онд нас барахдаа өөрийн амьдарч байсан амины орон сууцыг нураахыг гэрээсэлсэн гэдэг.

Гэвч том ах Ли Сянь Лүн эрх мэдэл, албан тушаалаа ашиглан уг гэрээслэлийг нь биелүүлэхийг хориглож, эцгийнхээ орон гэрийг түүхэн дурсгал болгон үлдээхээр шийдсэн гэж Ли Сянь Ян, түүний эгч Ли Вэй Лин нар буруутгадаг.

Ли Сянь Лүн ерөнхий сайдын албан тушаалаас буусан ч Сингапурын засгийн газарт ахлах сайдын алба хашсан хэвээр байгаа юм.

1959-1990 онуудад Сингапур хот улсыг Их Британийн жижиг колониос дэлхийн санхүүгийн төв болгож чадсан гэгддэг эцэг Ли замналынхаа сүүлийн жилүүдэд бас уг албан тушаалыг хашиж байжээ.

 

Эх сурвалж: Aljazeera