Уншиж байна ...

Хар тугалгын хордлогоос сэргийлэхийн тулд хүүхдэдээ батарейтай тоглоом авч өгөхөөс аль болох татгалзахыг зөвлөв

Б.Бадамгарав, IKon.mn
43 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хар тугалганы хордлогоос урьдчилан сэргийлэх дэлхийн долоо хоног аравдугаар сарын сүүлийн долоо хоногт тохиодог.

Энэ жил "Гэрэлт ирээдүй хар тугалгагүй эхэлнэ" уриан дор тэмдэглэж буй бөгөөд 21 аймгийн Эрүүл мэндийн газрын болон орчны эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд зориулсан цахим сургалтыг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв(НЭМҮТ)-өөс өнөөдөр зохион байгууллаа. 

Хот суурин газрын түгээмэл бохирдуулагчийн нэг нь хар тугалга юм. Энэ нь хүнд металл тул агаарын доод түвшинд хуримтлагддаг ба бага насны хүүхэд өртөх нь элбэг байдаг.

Тухайлбал НЭМҮТ-өөс 2022-2024 оны хооронд шинжилгээнд хамрагдсан 1-3 насны 30, 11-17 насны 30 хүүхдийн шинжилгээг харьцуулж үзжээ. Ингэхэд 1-3 насны хүүхдүүдийн цусанд агуулагдаж буй хар тугалгын хэмжээ 2.8 мкг/дл байсан бол 11-17 насныханд 1.7 мкг/дл байв. Хэдийгээр энэ нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага(ДЭМБ)-ын тогтоосон шугамаас доош байгаа ч санаа амрах зүйл биш гэдгийг НЭМҮТ-өөс тодотгосон. 

Учир нь хар тугалгын хордлогод өртсөн хүүхэд мартамхай, ой тогтоолт тааруу, анхаарал төвлөрөх чадвар сул болдог байна.

Хүүхдийн хар тугалганд өртөх зам:

  • Тоглоом
  • Ус, хоол хүнс
  • Агаар, тоос шороо
  • Аяга
  • Будаг зэрэг байна. 

Хүүхэд хар тугалгад өртөхөд 70 хувь нь цусанд нь шингэдэг аж. Ингэснээр өсөлт удаашрах, сэтгэн бодох чадвар буурах, сурч боловсрох чадамж буурах, цус багадах, зарим тохиолдолд бөөрний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх зэрэг хор уршиг илрэхийг НЭМҮТ-өөс цахим сургалтын үеэр танилцуулсан. 

Тэгвэл үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэх асуултад

  • Хүүхдийн гарыг тогтмол угаан, тоглоом болон шууд аманд хүрэх зүйлсийг шалгах
  • Гэрийн орчинд тавилга болон эд зүйлсэд тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх, зориулалтын агаар шүүгч ажиллуулах
  • Агаарын бохирдол өндөртэй үед хүүхдээ гадаа гаргахгүй байх
  • Гаднаас орж ирсэн томчууд гадуур хувцсаа сольж, гараа угаасны дараа хүүхдэдээ хүрэх
  • Батарейгаар ажилладаг тоглоом аль болох авч өгөхгүй байх
  • Байнга хэрэглэдэг тоглоом, усны сав зэргийг нь угаадаг байх
  • Өөх тосноос татгалзаж, төмөр кальцаар баялаг хоол хүнс хэрэглэх
  • Будаг сонгохдоо анхаарч, хар тугалга агуулагдаж буй эсэхийг сайтар нягтлах
  • Цусанд хар тугалга илрүүлэх шинжилгээнд жилд нэг удаа хамрагдах зэргийг зөвлөв.

Цусанд хар тугалга илрүүлэх шинжилгээг НЭМҮТ 30,000 төгрөгөөр авдаг байна.