Уншиж байна ...

Нэрт хөлбөмбөгчин Диего Форлан мэргэжлийн талбайн теннисийн тэмцээнд оролцоно

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Уругвайн нэрт хөлбөмбөгчин Диего Форлан их спортод эргэж ирэхээр болжээ. Гэхдээ энэ удаад ногоон талбайд бус талбайн теннисийн тэмцээнд хүч сорих юм.

Өдгөө 45 настай Д.Форлан 2014 оныг хүртэл шигшээдээ 112 тоглолтод оролцоод зодог тайлсан. Цагтаа Английн "Манчестер Юнайтед", Испанийн "Атлетико Мадрид", Италийн "Интер Милан" багт зүтгэж явсан Д.Форлан ирэх сард нутагтаа болох талбайн теннисийн нээлттэй тэмцээнд оролцохоор болжээ.

Солгой гараараа цохидог уругвай эр Аргентинийн Федерико Кориагийн хамтаар хос төрөлд хүч үзнэ. Чалленжер ангиллын тэмцээнд Д.Форлан, Ф.Кориа хоёр цагаан хуудсаар оролцох аж.

Д.Форлан өсвөр насандаа авьяаслаг теннисчин байв. Хоёр спортоор зэрэг хичээллэдэг байсан ч эцэстээ хөлбөмбөгийг сонгосон юм. Түүний төрсөн эгч Аленхандра авто машины ослоор хүнд бэртэж, гэр бүл нь санхүүгийн гүн хямралд орсон. Энэ хэцүү цаг үед нэрт хөлбөмбөгчин Диего Марадона санхүүгийн дэмжлэг үзүүлснээр Марадонагийн өгөөмөр сэтгэлээс урам зориг авснаар хөлбөмбөгийг сонгосон түүхтэй.

 

Эх сурвалж: The Guardian