Уншиж байна ...

Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдрийг тохиолдуулан Үндэсний чуулганыг зохион байгуулна

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Үндэсний сүлжээ төрийн бус байгууллага байгуулагджээ.

Уг байгууллагын зорилго нь нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжих, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн сайн жишээг харуулахыг зорьж байгаагаа зохион байгуулагчид нь зарласан юм.

Сүүлийн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхзүйн орчин сайжирч, олон арга хэмжээ болж байгаа ч эрх тэгш байдалд хүртээмжгүй байгааг тэд онцолсон. 

Тиймээс энэ асуудалд дүгнэлт хийж, үндэсний хэмжээнд ажиллах сүлжээг байгуулжээ. Энэ сүлжээний гол зорилго нь төрийн байгууллагын бүх нэгжид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийг ажиллуулж, нийгмийн эрх тэгш, хүртээмжтэй байдлыг бий болгохын төлөө ажиллахаар төлөвлөсөн байна.

Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр арванхоёрдугаар сарын 3-нд болдог. Уг өдрийг тохиолдуулан Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Л.Энх-Амгалангийн санаачилгаар найман сэдвээр аян зохион байгуулах аж.

Тодруулбал Олон улсын дохионы хэлний өдөрлөгт зориулан уулзалт, хэлэлцүүлэг хийх өдөрлөг, хүртээмжийг нэмэгдүүлэх арга замыг хайх, олон улсын хараа хамгаалах өдөрт зориулсан харааны бэрхшээлээс урьдчилан сэргийлэх үзлэг хийх, эрдэм шинжилгээний хурал, үндэсний чуулган, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд оны шилдэг шалгаруулах арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна.

Энэ аяны хүрээнд зохион байгуулах Үндэсний чуулганаар 21 аймаг, есөн дүүргээс төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээ сонгож, удирдлагын багаа бүрдүүлэх, цаашид хийх ажлын төлөвлөгөөгөө батлах юм.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ талаар тус төрийн бус байгууллагын ажлын хэсгийн гишүүн Б.Мөнххишиг "Манай улсад 111,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Энэ иргэдэд анхаарсан нэн таатай хуультай орон. Энэ чиглэлээр ажилладаг 200 гаруй байгууллага байдаг.

Хууль, эрхзүйн таатай нөхцөлд бий болсон ч хуулийн хэрэгжилтийн хяналт сул байдаг. Ялангуяа орон нутагт байдаг иргэд мэдээлэл дутуугаас болж эрхээ эдэлж чаддаггүй. 

Тиймээс иргэдийг нэгдэж, эрх ашгаа хамгаалахыг уриалж буй юм" гэж ярилаа.