Уншиж байна ...

Цуснаас нь мансууруулах бодис илэрсэн Германы VW группийн захирал Хятадаас хөөгджээ

Т.Давааням, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Германы томоохон автомашин үйлдвэрлэгч Volkswagen группийн Хятад дахь салбарын захирлуудын нэг цуснаас нь мансууруулах бодис илэрсний дараа Хятад улсаас хөөгдсөн тухай албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

Тайландад амраад буцаж ирсэн Йохен Сэнпелийн цуснаас каннабис, кокаин хэрэглэсэн ул мөр илэрсэн тул нутаг дэвсгэрээс нь яаралтай гарч явахыг Хятадын албаныхан шаардсан тухай Германы хэвлэлүүд мэдээлсэн байна.

Тайландын албаныхан түүний цуснаас шинжилгээ авах шаардлагатайг Хятадын талд мэдэгдсэний дагуу хэрэг илэрсэн гэнэ.

Германы гадаад хэргийн яам болсон явдлын талаар “мэдэж байгаа” гэж хариулсан бол Бээжин дэх Германы элчин сайдын яам Сэнпел болон түүний гэр бүл, Хятадын холбогдох албаныхантай нягт холбоотой ажиллаж байгаагаа мэдэгджээ.

Арав гаруй хоног саатуулагдсан Сэнпелийг VW группийн удирдлага болон Германы засгийн газар суллуулж чадсан ч нэн даруй Хятадаас гарч явах шаардлагатай болсныг Bild сонин мэдээлсэн байна.

Хятад улс хар тамхитай холбоотой гэмт хэрэгт маш хатуу ханддаг. Тайланд улс 2022 онд каннабисын хэрэглээг хуулиар зөвшөөрсөн ч энэ онд шийдвэрээсээ буцаж, зарим хязгаарлалт тогтоож магадгүй болоод байгаа.

Сэнпел 2022 оны наймдугаар сараас хойш VW группийн Хятадын зах зээл хариуцсан маркетингийн захирлаар ажиллаж байгааг түүний Linkedin хуудас харуулжээ.

Энэхүү хэрэг Хятадад дотоодын үйлдвэрлэгчдийн ширүүн өрсөлдөөнтэй тулгарч, цахилгаан хөдөлгүүрт автомашины зах зээлээ алдаж эхэлсэн VW группийн хувьд бас нэг цохилт болохоор байна.

 

Эх сурвалж: AFP