Уншиж байна ...

Зэвсэг тээвэрлэж явсан Оросын ачааны нисэх онгоцыг Суданы босогчид андууран устгажээ

Т.Давааням, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Суданы алс баруун хязгаар Дарфур мужийн нутагт RSF (Rapid Support Forces) нэртэй босогчдын арми дайсанд нь тусламж үзүүлж байсан гадаадын нисэх онгоцыг буудаж унагаснаа зарласан юм.

Гэтэл уг онгоц нь тус босогчдод зэвсэг хүргэхээр нисэж байсан Оросын ачаа тээврийн Илюшин-76 нисэх онгоц байжээ.

Сошиал сүлжээнд тарсан гар утасны дүрс бичлэгээс харахад ослын газраас Оросын иргэний бичиг баримт, Арабын Нэгдсэн Эмират Улсад (АНЭУ) бүртгэлтэй компанийн ажлын үнэмлэх зэрэг зүйлс олдсон байна.

Бас уг нисэх онгоц Киргизстанд бүртгэлтэй “New Way Cargo” компанийн өмч болохыг батлах бичиг баримт олджээ.

Газар-агаар ангиллын пуужингаар устгасан уг онгоцыг RSF босогчид Суданы засгийн газрын армид туслахаар нисэж байсан Египетийн агаарын хүчний нисэх онгоц байсан, энгийн иргэдийг бөмбөгдөж байсан гэж анх мэдээлсэн юм.

Хартум хот дахь ОХУ-ын элчин сайдын яам унагасан онгоцны мөрөөр шалгах ажлыг Суданы эрх баригчидтай хамтран зохион байгуулж эхэлснээ өчигдөр мэдээлжээ.

АНУ-ын Conflict Observatory судалгааны байгууллага Киргизстаны “New Way Cargo” компанийн Ил-76 нисэх онгоц Суданы босогчдод АНЭУ-ын нийлүүлсэн зэр зэвсгийг тээвэрлэн хүргэдэг талаар саяхан мэдээлж байсан юм.

Суданы босогчдыг АНЭУ-ын эрх баригчид зэвсэглэдэг гэх мэдээллийг НҮБ-ын шинжээчид бас баталж байжээ.

Онгоцны ослын талаар тодруулгад АНЭУ-ын эрх баригчид болон Киргизстаны “New Way Cargo” компани ямар нэг тайлбар өгөөгүй байна.

Африк тивийн Судан улсад 2019 онд дарангуйлагч Омар Аль Баширын дэглэм унасны дараа иргэний дайн дэгдсэн юм.

Тухайн үед армийнхан эрх мэдлийг иргэний засгийн газарт тайван замаар шилжүүлж өгөхөө амлаж байсан ч хэрэгжиж чадаагүй.

Улмаар Суданы зэвсэгт хүчин хоёр том генералын мэдэлд хуваагдаж, хоорондоо дайтаж эхэлсэн юм.

RSF зэвсэгт бүлэг өмнө нь Суданы армийн нэг хэсэг байжээ. Одоо тэднийг АНЭУ-ын эрх баригчид болон Оросын Вагнер хувийн армитай хамтран ажилладаг гэх мэдээлэл байдаг.

 

Эх сурвалж: Associated Press