Уншиж байна ...

"Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх 27,900м.кв талбай бүхий замын шинэчлэлийн ажил ₮2.8 тэрбумын төсөвтэй"

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Энхтайвны гүүрний урд хэсгээс Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх замыг засах явцад долгион үүссэн хэсгийг “Трүйроад” компани өөрсдийн хөрөнгөөр дахин засварлана гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлээд буй.

Замыг дахин засварлах ажил ямар шатанд байгаа, тэгш байдал алдагдсан нь осол гарахад нөлөөлөх эсэх талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас/НЗХГ/ тодруулахад "Хяналтын газрын алба хаагчид болон инженерүүд тухайн замын талбай дээр үзлэг хийж байна. Үүний дараа хэдий хэмжээний замыг дахин засварлах төлөвлөгөөг батлуулна.

Замын асфальтбетон хучилтыг зузаан хийчхээд түвшинд тааруулахдаа нэг сантиметрийн дээш, доош зөрүү гаргасан байдал үүссэн байсан. Энэ нь осол гарах шалтгаан болохгүй. Замын өнгө үеийн асфальтбетон хучилтыг хуулуулж, засуулах юм. Цаг агаар дулаарахгүй бол хавар засна" гэв.

зураг
 

Уг байршлын замыг хэдэн төгрөгөөр засварлах тухайд "Энхтайвны гүүрний замыг 2020 онд зассан тул засаагүй, гүүрний урд хэсгээс Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх хэсгийн замыг засах юм.

Тодруулбал Петровисийн ШТС-ын туслах зам, 120 мянгатын автобусны буудлын зам, Тэмээтэй хөшөөний уулзвараас баруун тийш гурван эгнээ замууд багтаж, нийт 27,900м.кв талбай буюу 4км авто замтай тэнцэх хэмжээний засвар, шинэчлэлийн ажлыг 2.8 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр төсөвлөсөн. Замын засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэгч “Трүйроад” компани өөрийн хөрөнгөөр засварлаж байсан юм. Нийслэлээс бүтээн байгуулалтын ажил бүрэн дууссаны дараа гүйцэтгэлээр нь санхүүжилтийг олгох нөхцөлтэй.

Гэхдээ уг байршлын тал хэсгийг цаг агаарын нөхцөлөөс хамаарч засаж амжаагүй.

Нийслэл хотын хэмжээнд 87 байршлын замыг шинэчлэхээс 68-ынх дууссан бөгөөд зам засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байгаа бүх компани гүйцэтгэлээрээ мөнгөө авах гэрээтэй. Замын засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгээд нийслэлээс мөнгөө авсан компани цөөн бий" гэж тайлбарлалаа.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотод засвар, шинэчлэлийн ажил хийгдэж байгаа зам байхгүйг тэрбээр тодотгов.