Улаанбаатар хотод 2022 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс 52 стандарт батлагдан хэрэгжиж эхэлсэн байдаг. Үүний нэг нь гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжид тавигдах ерөнхий шаардлага юм.
Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний чиглэлээр 18,600 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг. Гэвч үүний 70 гаруй хувь нь гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжид тавигдах ерөнхий шаардлагыг хангаагүй гэсэн судалгаа гарчээ. Үүнд зөвхөн хаягжилт хамаарахгүй бөгөөд гадна орчин, тохижилт хамаарна. Тодруулбал гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжид дараах шаардлагыг тавьдаг байна.
Уг стандартын хэрэгжилтийн талаар Хот Байгуулалт Хөгжлийн Стандартын Газрын/ХБХСГ/ Худалдаа үйлчилгээний стандарт хариуцсан ахлах мэргэжилтэн П.Мөнхзаяа “Гадна хаяг, зар сурталчилгаатай холбоотой иргэдээс ирж буй гомдлын ихэнх хувийг ойлгомжгүй буюу гадаад хэл дээр бичигдсэн хаягжилт эзэлдэг. Мөн хаягжилтын хэмжээ хэтэрсэн зөрчил дийлэнх хувийг бүрдүүлж байна.
Түүнчлэн өнгөрсөн оноос нийслэл хот 74 үйлчилгээнд тусгай зөвшөөрөл олгохоо больсноос хойш энэ төрлийн стандартын зөрчил нэмэгдэж буй. Бизнес эрхлэлтийг дэмжиж байгаа хэдий ч стандартын шаардлагыг хангахыг мөн адил шаардаж байгаа. Энэ хүрээнд бид нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Хяналт шалгалтын газартай хамтран гадна зар сурталчилгаа, хаягийн стандартыг мөрдүүлж, зөрчлийг арилгахаар эхний ээлжид Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт тодорхой гудамж, замыг сонгон хаягийн шинэчлэлтийг хийж байна.
Цаашид уг ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!