Уншиж байна ...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэмжих үйлчилгээ үзүүлснээр 151 нь байнгын ажлын байртай болжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
16 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор тогтолцоог бэхжүүлэх "DPUB 2" төслийг 2021 оны хоёрдугаар сараас 2024 оны зургаадугаар сар хүртэл зохион байгуулсан.

Тэгвэл дээрх хугацаанд хийсэн ажлын тайлан, үр дүнгээ танилцуулсан юм.

Тодруулбал 

  • 207 ажлын байрны дадлагажуулагч, 16 ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх үндэсний сургагч багш бэлдсэн,
  • Бэлтгэсэн ажлын байрны дадлагажуулагч нар хөгжлийн бэрхшээлтэй 223 иргэнд дэмжих үйлчилгээ үзүүлснээс 151 нь байнгын ажлын байртай болсон,
  • Хөгжлийн бэрхшээлтэй 37 хүнийг аж ахуйн нэгж байгууллагуудад нөлөөлөх хүний нөөцөөр бэлтгэж, нөлөөллийн семинарыг 20 удаа зохион байгуулснаар 469 байгууллагын 743 хүнийг хамруулсан аж.

Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ нь тодорхой хэмжээгээр олонд танигдаж байгаа ч нийт аж ахуйн нэгж байгууллага болон орон нутагт хангалтгүй хэвээр байгааг зохион байгуулагчид онцолсон юм.

Уг төслийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрөөс санхүүжүүлдэг бөгөөд цаашид тогтвортой үргэлжлүүлэхийн тулд улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх шаардлагатай байгаа аж.

Чиба Хисао: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд бэлдэх суурь дутуу байна

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн "Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх" төслийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас Японы хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга зүйд тулгуурласан "Ажил турших хөтөлбөр"-ийг манай улсад хэрэгжүүлж буй.

Төслийн үр дүнг төрийн бодлого, үйл ажиллагаанд нутагшуулах зорилгоор нийгмийн хамгааллын тогтолцоо ба олон улсын хамтын ажиллагааны асуудлаар симпозиум зохион байгуулж, мэргэжилтнүүдтэй санал солилцох замаар Монгол Улсад зориулсан зөвлөмж гаргахаар төлөвлөжээ.

Энэ талаар Төслийн ахлах зөвлөх Чиба Хисао "Японд энэ төрлийн ажлын дадлагажуулагч нар нь зөвхөн оюуны бэрхшээлтэй иргэдэд туслах зорилготой байдаг. Харин Монголд зөвхөн оюуны бэрхшээлээр хязгаарлагдахгүй, бусад төрлийн бэрхшээлтэй иргэдийг ч хамруулж байна.

Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч буй гол асуудал гэвэл тухайн ажлын байранд бэлтгэгдээгүй байдаг. Ажил олгогч нь тухайн хүнийг шууд ажилд авахад хүндрэлтэй тал бий. Гэхдээ ажлын дадлагажуулагч нар тухайн иргэдэд тохирсон ажлын таатай орчин бүрдүүлэх, ажил олгогч нарт нөлөөллийн ажлыг зохион байгуулах гол үүрэгтэй.

Японд аяга таваг угаагчаас эхлээд агуулах, үйлдвэрийн ажилтан бэлддэг. Энэ жишгийг Монголд ч хэрэгжүүлэх суурийг тавих ёстой юм. Нэг дадлагажуулагч ажлын байранд нэг иргэнийг бэлдэхэд 1-12 сарын хугацаа зарцуулдаг" гэж ярилаа.