Уншиж байна ...

$35 саяын авлига авсан Перу улсын ерөнхийлөгч асан 20 жилийн хорих ял сонслоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Перу улсын шүүх өчигдөр тус улсын ерөнхийлөгч асан Алехандро Толедод авлигын хэргээр 20 жилийн хорих ял оноожээ.

Түүнийг Бразилын барилга угсралтын томоохон компани Odebrecht-ээс $35 саяын авлига авсанд буруутгасан байна.

Шүүх хуралд Перу улсыг 2001-2006 онуудад удирдаж байсан 78 настай Толедо биеэр оролцжээ.

Стэнфордын их сургуулийн докторын зэрэгтэй эдийн засагч тэрбээр өөрийн гэм буруугүйг баталж, хорт хавдар, зүрхний өвчтэй тул ялаас хэлтрүүлэхийг шүүгчдээс гуйж байв.

Толедо нь Перу улсын Номхон далайн эргийг Бразил улсын Атлантын далайн эрэгтэй холбох олон улсын хурдны замын хоёр хэсгийг байгуулах ажлын тендерийг Odebrecht компанид өгснийхөө төлөө ийм хэмжээний мөнгөн шагнал авсныг прокурорууд мөрдөж тогтоосон юм байна.

АНУ-ын засаг захиргаа олон жил тус улсад хуурамч нэрээр оршин суусан Толедог өнгөрсөн онд Перу улсад шилжүүлэн өгч байв.

зураг
 

“Машин угаалга” гэж нэрлэгддэг Odebrecht компанитай холбоотой авлигын дуулианд Перугийн олон улс төрч, бизнесмэн холбогдож байлаа.

Бразилын компани 2005-2014 онуудад Перугийн албан тушаалтнуудад их хэмжээний авлига өгснөө хүлээн зөвшөөрч байжээ.

Уг дуулианд тус улсын хэд хэдэн ерөнхийлөгч холбогдож байв. Тухайлбал хоёр удаа ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан Алан Гарсиа 2019 онд цагдаа нар баривчлахаар гэрт нь ирэхэд амиа хорлосон юм.

2018 онд Перугийн ерөнхийлөгч Педро Пабло Кучински уг дуулианы улмаас албан тушаалаасаа огцорч байв.

 

Эх сурвалж: AFP