Уншиж байна ...

Хезболлагийн мөнгөний авдрыг устгаснаа Израилийн арми зарлав

Т.Давааням, ikon.mn
22 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Израилийн арми Хезболла зэвсэгт байгууллагын олон сая ам.доллар, алтны нөөцийг хадгалдаг газар доорх бункер зэрэг нийт 20 гаруй байгууламжид агаараас довтолсноо зарлажээ.

Нэг сар орчмын өмнө Израилийн зэвсэгт хүчин хөрш Ливаны нутагт үйл ажиллагаа явуулдаг Ираны дэмжлэгтэй Хезболла зэвсэгт байгууллагын эсрэг байлдааны ажиллагааг эхлүүлсэн юм.

Өнгөрсөн хугацаанд тус байгууллагын удирдагч болон түүний залгамжлагчдыг дараалан устгаж, удирдлага, зохион байгуулалтыг нь сулруулах арга хэмжээ аваад байв.

Тэгвэл одоо Хезболлагийн санхүүгийн чадавхыг сулруулахад байлдааны ажиллагаагаа чиглүүлсэн бололтой.

“Өнгөрсөн шөнө Израилийн зэвсэгт хүчин Хезболлагийн санхүүгийн байгууламжуудад дараалсан агаарын цохилт өглөө. Бидний гол бай бол хэдэн арван сая ам.долларын бэлэн мөнгө, алтны нөөц бүхий газар доорх агуулах байсан. Энэ мөнгөөр Израилийн нутаг дэвсгэрийг чиглэсэн Хезболлагийн довтолгоог санхүүжүүлдэг байсан юм” гэж тус улсын армийн хэвлэлийн төлөөлөгч, адмирал Даниэл Хагари өчигдөр орой телевизээр мэдэгджээ.

Дараа нь тэр Ливаны нийслэл Бейрут хотын өмнөд захад оршдог Сахел эмнэлгийн доор мөн бэлэн мөнгө, алтаар дүүрсэн бас нэг агуулах байгаа ч хараахан Израилийн армийн бай болоогүй байгааг мэдэгдэлдээ дурдсан байна.

“Бидний олсон мэдээллээр энэ агуулахад хамгийн багадаа хагас тэрбум долларын хэмжээтэй дэвсгэртүүд, алт хадгалагдаж байгаа. Үүнийг Ливан улсыг сэргээн босгоход ашиглах боломжтой юм” гэж Хагари хэлжээ.

Харин Сахел эмнэлгийн захирал Фади Аламе үүнийг “худал” гэж няцаасан байна.

Хезболлагийн холбоотон Амал намыг Ливаны парламентад бас төлөөлдөг Аламе үүнийг батлахын тулд эмнэлгийнхээ байрыг Ливаны зэвсэгт хүчин болон бусад ажиглагчдад үзүүлж, шалгуулахад бэлэн байгаагаа мэдэгджээ.

Даваа гарагийн өглөө Израилийн армийн командлагч, дэслэгч генерал Херци Халеви “Бид Ливан даяар бараг 30 орчим байгууламжийг устгалаа” гэж мэдэгдээд эдгээр нь Хезболлатай холбоотой санхүүгийн байгууллага Аль-Кард аль-Хассаны эзэмшил байсныг тайлбарласан юм.

Нэр дурдсан санхүүгийн байгууллага нь бүр 1980-аад оны үеэс эдийн засгийн гүн хямралд нэрвэгдсэн Ливаны иргэдэд зээлийн үйлчилгээ үзүүлж, алт худалдаж авдаг байжээ.

АНУ-ын засаг захиргаа тус байгууллагыг Хезболлагийн мөнгийг угааж, олон улсын банк, санхүүгийн системтэй холбогдоход нь тусалдаг гэх үндэслэлээр олон жилийн өмнө хар жагсаалтдаа оруулж байсан юм.

 

Эх сурвалж: AFP