Уншиж байна ...

Молдовчууд маш цөөхөн саналын зөрүүгээр Европын Холбоонд элсэхийг дэмжжээ

Т.Давааням, ikon.mn
44 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Молдова улсын иргэд шинэ ерөнхийлөгчөө сонгосноос гадна үндсэн хуулиа өөрчилж, улс орноо Европын Холбоонд нэгтгэх эсэх асуудлаар саналаа өгсөн юм.

Урьдчилсан дүнгээр сонгогчдын олонх нь Европын гэр бүлд нэгдэхийг эсэргүүцсэн байж болзошгүй гэх мэдээлэл Ням гарагийн орой тарж байв.

Тэгвэл саналын хуудсыг бүрэн тоолсны дараах байдлаар Европын Холбоонд элсэхийг дэмжсэн санал маш бага хувийн зөрүүгээр давамгайлжээ.

Тухайлбал нийт саналын 99.6 хувийг тоолоход “Тийм” санал 50.46 хувь, “Үгүй” санал 49.54 хувийг эзэлсэн байна.

Гэхдээ 3 сая орчим хүн амтай Молдова улсыг Европын Холбоонд элсүүлэхийг сонгогчдын хангалттай олонх дэмжинэ гэж найдаж байсан эрх баригчдын хувьд дээрх үр дүн цочирдож, гайхмаар үзүүлэлт болжээ.

Молдова улсын ерөнхийлөгч Майя Санду “маш хэцүү” тэмцлийн үр дүнд Европын талыг баримтлагчид энэ санал хураалтад ялалт байгуулсныг зарласан байна.

Тэр бас сонгуулийн саналыг мөнгөөр худалдаж авах кампанит ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж, ардчилалд аюул учруулсан Молдовын “дайснууд”-ыг буруутгажээ.

Санду хэдийгээр тодорхой нэг нэр зааж хэлээгүй ч сүүлийн сар хүрэхгүй хугацааны дотор Молдовын эрх баригчид Москвагаас санхүүжилттэй санал худалдаж авах нууц ажиллагааг илрүүлж байв.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ талаар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа сонгуулийн үр дүнд гадаадаас нөлөөлснийг батлах тодорхой баримт ил гаргаж тавихыг Сандуд уриалсан байна.

Даваа гарагт Европын Холбооны хэвлэлийн төлөөлөгч Питер Стано мэдэгдэлдээ Молдовын бүх нийтийн санал хураалт “Орос болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн урьд өмнө байгаагүй хөндлөнгийн оролцоо, дарамт сүрдүүлэг дор болж өнгөрсөн” тухай хэлжээ.

Өнгөрсөн сард ОХУ-д амьдарч буй Молдовын оргодол бизнесмэн, улс төрч Илан Шор сонгогчдоор Европын Холбоонд элсэхийн эсрэг санал өгүүлэхийн тулд мөнгө төлөхөө мэдэгдэж байв.

Өнгөрсөн долоо хоногт цацсан видео мэдэгдэлдээ тэр одоогийн ерөнхийлөгч Майя Сандугаас өөр аль нэг нэр дэвшигчид саналаа өгөхийг Молдовын иргэдэд уриалж байжээ.

Ням гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуульд Майя Санду хамгийн олон буюу 41 хувийн санал авсан байна.

Түүнтэй хамгийн ойрхон өрсөлдсөн Оросын талыг баримтлагч Социалистуудын Намын нэр дэвшигч Александр Стояногло 26 хувиар удаалжээ.

Түүнийг төсөөлж байснаас олон санал авсан гэж ажиглагчид үзэж байна.

Одоо Санду, Стояногло нар арваннэгдүгээр сарын 3-ны өдөр сонгуулийн хоёр дахь шатанд өрсөлдөх юм.

Эхний шатнаас хасагдсан популист улс төрч Ренато Усатый, автономит муж Гагаузын захирагч асан Ирина Влах нарын дэмжигчид Стояноглог дэмжих магадлалтай тул Сандугийн хувьд хоёр дахь шатны санал хураалт маш хүнд сорилт болох төлөвтэй байна.

Гадаад орны төлөөний этгээдүүд болон тэдэнтэй хамтрагч гэмт хэрэгтнүүд 300,000 орчим санал худалдаж авсныг батлах хангалттай баримт засгийн газарт байгааг Санду өмнө нь мэдэгдэж байв.

Молдова улс одоо Европын Холбоонд гишүүнээр элсэх яриа хэлэлцээг эхлүүлээд байгаа бөгөөд Ням гарагийн санал хураалтын үр дүнгээс үл хамааран цааш үргэлжлэх юм байна.

 

Эх сурвалж: BBC