Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг хэрхэн бууруулахаар төлөвлөж буй талаар нь өнөөдөр сэтгүүлчид Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэнгээс тодруулав.
Тэрбээр ажлаа хүлээн авснаас хойш тодорхой шийдэл, арга хэмжээний талаар төдийлөн ярихгүй байгаа тул хариулт өгөхийг сэтгүүлчид шаардсан юм.
Сайд Р.Эрдэнэбүрэн "Түгжрэл үүсэж буй нэг шалтгаан нь эвдрэлтэй замууд. Хотынхон зориг гаргаад энэ ажлыг хийж байгаад дэмжиж байгаа.
Засгийн газрын эхний 100 хоногт хийх ажлын даалгавар сайд нарт бий. Надад ч бий. Хэдэн зүйл хэлье.
Нэгдүгээрт аливаа ажлыг судалгаатайгаар эхлүүлэх шаардлагатай.
Хоёрдугаарт мэргэжлийн хүмүүсийн үгийг их сонсож байна.
Гуравдугаарт бүх зүйлээ тохироод, ялангуяа шийдвэр гаргах түвшиндээ нэг долгион дээр очиж байж аливаа асуудлыг зарлаж байя гэж бодож байгаа.
Чимээгүй яваад байгаа мэт харагдаж буй байх. Манай албаныхан, мэргэжлийн хүмүүс маань сайн ажиллаж байгаа. Бид Хятадын томоохон компанитай саяхан уулзаад ирлээ. Түгжрэлийг багасгахын тулд хоёр, гурван томоохон төслийг яаралтай хийх шаардлагатай гэж үзэж байна. Бүх түвшиндээ ойлголцож, нэг долгион дээр бүхнийг авчирсны дараа аливаа ажлыг ярьж байхгүй бол олон нийтийн сүлжээнд мэдээ гарахаар яаран сандран мэдэгдэл хийх нь буруу.
Ойрын хугацаанд хэрэгжүүлэх ажлыг хоёр хуваах шаардлагатай. Нэгдүгээрт нь урт хугацааны томоохон төслүүд бий. Мөн хурдан хугацаанд хийгээд түгжрэлд нөлөө үзүүлэхүйц ч бий. Жишээлбэл дөрвөн замын уулзваруудыг хоёр түвшний болгох хэлэлцээнүүд хийгдэж байна. 10 орчим уулзварыг богино хугацаанд яаж хоёр түвшний болгох вэ тухай санал яригдаж байна.
Хоёрдугаарт зөвхөн автобус биш нийтийн тээврийн өөр хэрэгсэл буюу BRT гэж олон жил ярьсан төслөө эхлүүлэх бодолтой байгаа.
Мөн эрх зүйн асуудал. Сонгуулийн өмнөхөн батлагдсан Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн дагуу олон хоттой болох гэж байгаа тул хуулиа олон түмэнд хүргэх, нэг ойлголттой болгох ажлууд хийгдэж эхэлнэ.
Аль болох буруу талдаа рультэй хуучин машинаасаа салаад, зөв талдаа рультэй шинэ машинд шилжих шахалт хийж эхэлнэ. Тухайлбал импортын татвар, эсвэл буруу талдаа рультэй машин дээр импорт хориглох зэргээр зоригтой арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!