Уншиж байна ...

Улаанбаатар хотын дүүргүүдийг удирдах хүмүүсийн дийлэнх нь МАН-ынх бол НИТХ-ын төлөөлөгч дөрөв байна

Д.Янжиндулам, ikon.mn
12 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын/ИТХ/ 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан дүүргүүдийн иргэдийн Төлөөлөгчид анхдугаар хуралдаанаа хийж, Засаг даргыг сонгох үйл явц өрнөж байна. 

Есөн дүүргийг удирдах хүмүүсийг Нийслэлийн Засаг дарга томилох хуультай. Эх сурвалжаас тодруулснаар дүүргийн Засаг дарга нарыг ирэх долоо хоногт томилох юм байна.

Одоогоор нийслэлийн найман дүүргийн Засаг даргад нэр дэвшигчдийн зургаа нь МАН-нх бөгөөд дөрөв нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын/НИТХ/ төлөөлөгч байна. Энэ удаад бүх дүүргийг эрэгтэй хүн удирдах бололтой.

Харин Налайх дүүргийн ИТХ анхдугаар хуралдаанаа хийгээгүй бөгөөд Засаг даргад нэр дэвшигчийг сонгоогүй байгааг хэллээ. Тус дүүргийн Засаг даргаар Х.Анхбаяр ажиллаж байгаа юм.

Дүүргийн Засаг даргад дэмжигдсэн нэр дэвшигчид: 

зураг
 

Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж буй Г.Жаргалсайханыг улираан томилуулахаар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид санал нэгджээ. Тэрбээр 2020 оноос тус дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад энэ оны долдугаар сард Засаг даргаар томилогдсон байна.
 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Засаг даргад Ө.Сумъяабаатарыг нэр дэвшүүлжээ. Одоо тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаа юм. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын/ИТХ/ сонгуульд МАН-аас нэр дэвшиж НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон билээ.
 

зураг
 

Багахангай дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаан А.Сүхболдыг дүүргийн Засаг даргаар томилуулахаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид саналаа хүргүүлжээ.

А.Сүхболд нь математик-физикийн багш мэргэжилтэй. 2022 оноос дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, 2015-2021 онд Монголын залуу багш нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Дүүргийн Залуу багш нарын холбооны тэргүүнээр ажиллаж байв.
 

зураг
 

Багануур дүүргийн Засаг даргаар С.Даваасүрэнг улираан ажиллуулахаар нэр дэвшүүлжээ. Тэрбээр Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын/ИТХ/ сонгуульд МАН-аас нэр дэвшиж НИТХ-ын төлөөлөгч болсон юм.
 

зураг
 

Сүхбаатар дүүргийн Засаг даргаар М.Алтангэрэлийг томилуулах саналыг Нийслэлийн Засаг даргад уламжилжээ. М.Сүхбаатар нь 2016-2019 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн. Бизнесийн болон төрийн удирдлагын менежер мэргэжилтэй байна. 2024 оны наймдугаар сард тус дүүргийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогджээ. 
 

зураг
 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Ц.Баттөрийг дэмжжээ. Тэрбээр орон нутгийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон юм. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т мэргэжилтэн, хэлтсийн дарга, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Ажлын албанд ахлах мэргэжилтэн, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Ажлын албанд Хэлтсийн дарга, УИХ-ын Тамгын газарт гишүүний зөвлөх, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байжээ.
 

зураг
 
Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн

Хан-Уул дүүргийн Засаг даргаар Б.Цэрэнг томилохоор дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид санал нэгдсэн байна. Б.Цэрэн нь Сүү” ХК-ийн Гүйцэтгэх захирал, “Улаанбаатар сүү” ХХК-ийн захирал, “Номин холдинг” ХХК-д салбарын эрхлэгч, нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч байв.
 

зураг
 

Чингэлтэй дүүргийн Засаг даргаар Н.Мандуулыг томилохоор саналаа уламжилжээ. Н.Мандуул нь нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан бөгөөд МАН-аас нэр дэвшиж НИТХ-ын 45 төлөөлөгчийн нэг болсон билээ. Хөгжлийн Банкны захирал, Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан туршлагатай.