Уншиж байна ...

Ази тивийн хамгийн анхны метро маргааш хувьцаагаа нээлттэй зарж эхэлнэ

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өдөр бүр 6.5 сая хүн зорчдог, есөн шугам бүхий Токио Метро бол Японы нийслэлийн хамгийн чухал нийтийн тээврийн хэрэгсэл юм.

Маргааш буюу Лхагва гарагаас эхлэн Токио Метро компанийн хувьцаа хөрөнгийн зах зээлд арилжаалагдаж эхлэх гэж байна.

Уг үйл явдал нь Японы хөрөнгийн зах зээлд сүүлийн зургаан жилд болоогүй том IPO (Initial Public Offering) ажиллагаа болох юм.

Токио Метро компани үүгээрээ $2 тэрбум гаруйн хөрөнгө босгож,  2011 оны газар хөдлөлт, цүнамигийн гамшгийн дараа үүссэн өрөө засгийн газарт төлөх гэнэ.

Лондон хотын метрог дэлхийд анхдагч гэж үздэг бол 1927 онд байгуулагдсан Токио хотын метрог Ази тивийн анхдагч гэж үздэг.

Анхны шугам нь Уэногоос Асакусагийн хооронд 2.2 км урт замтай нээгджээ.

Дэлхийн Хоёрдугаар дайны үеэр метроны өргөжилт удааширсан ч дайны дараа хурдтай тэлсэн байна.

Токио хотын метро 2004 онд Токио Метро нэртэй компани болон зохион байгуулагдаж, зүрх хэлбэрийн “M” үсгийг бэлгэдлээ болгожээ.

Одоо тус метро нийт 195 км урт үргэлжилдэг Гинза, Маруноучи, Хибия, Тозай, Чиёода, Юракучо, Ханзомон, Намбоку, Фүкүтошин гэсэн есөн шугамтай.

Есөн шугамын долоо нь бусад төмөр замын шугамтай холбогдож Японы өөр хотуудыг нийслэл Токиотой холбодог байна.

Өртөө бүр нь зогсоолд метроны цуваа ирэхийг мэдэгддэг тус тусын өвөрмөц хонхны чимээтэй байдаг.

Одоогоор Токио Метроны хувьцааны талаас арай илүү хувийг засгийн газар, үлдсэнийг нь Токио хотын захиргаа эзэмшдэг.

Энэ удаа засгийн газрын нийт эзэмшлийг 50 хувьд хүртэл бууруулах зорилт тавьжээ.

2018 онд харилцаа холбооны SoftBank групп үүрэн холбооны салбараа нээлттэй компани болгосон нь үүнээс өмнөх хамгийн том IPO байв. Тухайн үед тус групп $23.5 тэрбумын хөрөнгө босгосон нь Японы хөрөнгийн зах зээлийн дээд амжилтыг тогтоожээ.

 

Эх сурвалж: AFP