Уншиж байна ...

Д.Хадбаатар: Зуухандаа сайжруулсан түлш хийчхээд яндангаа авч, өрхөө бүтээж хоновол үхэлд хүргэх аюултай

Д.Янжиндулам, ikon.mn
26 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн хэмжээнд энэ оны эхний арван сард объектын 1,493 удаагийн гал түймэр бүртгэгджээ. Дуудлагаар ажилласан онцгой байдлын алба хаагчид иргэд, ААН, байгууллагын 298 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас хамгаалсан байна. 

Гал түймрийн улмаас иргэд, айл өрх, ААН-д 9.7 тэрбум төгрөгийн хохирол учирч, 37 иргэн нас баржээ.

Гал түймэр гарч байгаа зонхилох шалтгааны талаар НОБГ-ын гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар "Янданд хамгаалалт хийгээгүйгээс цонолт үүсэх, үнс, нурмаа таггүй саванд хийх, нэг уртасгагчид олон залгуур залгах, удаан хугацаагаар халаагуур залгах зэрэг нь гал түймэр гарах зонхилох шалтгаан болж байна.

Галлаагүй удсан пийшин зуух, яндангийн битүүмжлэлийг гаргаагүйгээс дэлбэрч байна.

Угаарын хий мэдрэгчийг айл бүр байршуулах ёстой. Энэ нь хүний амь насыг хамгаалах үүрэгтэй юм.

Орой 22:00 цагаас хойш сайжруулсан түлшээ хийчхээд яндангаа авч, өрхөө бүтээж байгаа нь үхэлд хүргэнэ гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл угаарын хий мэдрэгч байхгүй, галаа түлчхээд яндангаа аваад өрхөө бүтээж хоновол эрсдэлтэй.

Сайжруулсан шахмал түлшийг өдрийн турш 3-4 килограммаас илүү хэрэглэж болдоггүй юм байна. Уг түлш асахдаа удаан ч ассан хойноо 300-400 цельсийн халуун ялгаруулж, дулаанаа удаан хугацаанд барьдаг тул хэмжээгээр түлэх нь зохистой. Гэтэл пийшингээ дүүртэл сайжруулсан шахмал түлш хийсний улмаас дэлбэрэх, угаартах аюулд хүргэж байна. Шахмал түлшийг зориулалтын зууханд түлэх ёстой. Иргэдийн ихэнх нь энгийн зуух ашигладаг бөгөөд хэмжээгээр нь түлээгүйгээс эрсдэлд орж байна. Бүрэн шатаагүй нэг ширхэг бөөрөнхий сайжруулсан түлш зуухны шүүрийн завсраар унахад айл угаартах нөхцөл бүрддэг.

Мөн гэр хороололд амьдардаг иргэд цахилгааны шугамыг газраар явуулсан бол суваг хоолойгоор хамгаалалт хийх, цахилгааны утас хөлдөөд хугарах эсэхийг шалгах хэрэгтэй.

Галлагааны улиралд хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай иргэн болон бага насны хүүхдүүдийг харгалзах хүнгүйгээр гэртээ орхихгүй байх"-ыг зөвлөлөө.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2-80 насны 25 иргэн угаартсаны 12 нь бага насны хүүхдүүд байжээ.

"Тавантолгой түлш" компаниас мэдээлснээр нийслэлийн хэмжээнд 43 агуулахад 86,845 тонн шахмал түлшний нөөцтэй байна. Шахмал түлшний түүхий эд мидлингийг "Энержи ресурс" ХХК-аас 250 мянган тонныг нэмэлтээр авахаар болжээ.