Уншиж байна ...

Их Британийн эрдэмтэд агаарын бохирдол хүний зөнөх шалтгаан болдог эсэхийг судлахаар болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Бидний амьсгалдаг агаар тархинд хэрхэн нөлөөлдгийг судлах чухал ажлыг Их Британийн эрдэмтэд эхлүүлжээ.

Тодруулбал энэ судалгаагаар агаарын бохирдол хүний зөнөх шалтгаан болдог эсэхийг нарийвчлан тогтоох юм байна.

Сүүлийн жилүүдэд эрдэмтэд агаарын бохирдол нь хүмүүсийн эрүүл мэндэд олон янзаар нөлөөлж, хорт хавдар, зүрх судас, чихрийн шижин, үргүйдэл зэрэг олон өвчний нэг гол шалтгаан болж буйг илрүүлээд байгаа.

Харин Фрэнсис Крик Хүрээлэнгийн хэсэг эрдэмтэд агаарын бохирдол мэдрэлийн доройтолд яаж нөлөөлдгийг судлах Rapid нэртэй төслийг Race Against Dementia сангийн захиалгаар энэ долоо хоногт эхлүүлж байгаа юм байна.

“Агаарын бохирдол нь ерөнхийдөө оюун ухааны доройтолтой шууд холбогддоггүй. Гэхдээ саяхан тархвар судлаачид агаарт агуулагдаж буй бичил тоосонцор нь мэдрэлийн эсийн доройтлын эрсдэлтэй маш хүчтэй холбоотойг олж мэдсэн. Тиймээс бид агаар дахь бичил тоосонцор бидний тархинд хэрхэн нөлөөлдгийг олж мэдээд, энэ мэдлэгээ зөнөх өвчинтэй тэмцэх шинэ эм бүтээхэд ашиглахыг зорьж байна” гэж төслийн удирдагчдын нэг, профессор Чарльз Свантон ярьжээ.

Агаарын бохирдлын гол төрөл нь бичил тоосонцор юм. Автомашины утаа, үйлдвэрийн тоос, галт уул, ой хээрийн түймрийн үнс нурам, тортог зэрэг эх үүсвэрүүдээс гаралтай ийм тоосонцрыг PM2.5 гэж нэрлэдэг.

Энэ нь хүний үснээс 30 дахин нарийн, диаметрийн хувьд метрийг 2.5 сая хуваасны нэгтэй тэнцэх хэмжээтэй юм.

Ийм жижиг хэмжээтэй тул хүний биед амархан нэвтэрдэг.

Хүний тархинд амьсгалын замаар дамжин хүрдэг гэж үздэг юм.

“Тархинд нэвтэрсэн PM2.5 тоосонцрыг төв мэдрэлийн тогтолцооны дархлааны эсүүд шингээж авдаг бөгөөд үүний дараа мэдрэлийн эсийн доройтол үүсдэг байх магадлалтай гэж би бодож байна” гэж Свантон профессор тайлбарлажээ.

Энэ үйл явц яг хэрхэн өрнөдөг нь тодорхойгүй байгаа бөгөөд Rapid төслийн зорилго үүнийг илрүүлэх гэнэ.

“Бидэнд PM2.5 тоосонцор Альцхаймер, Паркинсон зэрэг тархины өвчлөлтэй холбоотойг нотлох сайн баримт байгаа ч эдгээр нь мэдрэлийн доройтлыг шууд өдөөдөг үү, эсвэл эмзэг бүлгийн хүмүүст хэдийнээ эхэлсэн үйл явцыг хурдасгаж байна уу гэдгийг тогтоох шаардлагатай” гэж Крик Хүрээлэнгийн мэдрэлийн доройтлын биологийн лабораторийн эрхлэгч Соня Ганди ярьжээ.

Одоогоор эрдэмтэд PM2.5 тоосонцор мэдрэлийн доройтолд хүргэдэг гурван хувилбар механизм байж болзошгүй гэсэн таамагтай байгаа юм байна.

Эхнийх нь Альцхаймерын өвчнийг үүсгэдэг үзэгдэл болох тархинд уураг бөөгнөрөх үйл явцыг PM2.5 хурдасгадаг байх боломжтой гэнэ.

Хоёр дахь нь тархинд нэвтэрсэн PM2.5 тоосонцор тархины өөрийгөө цэвэрлэх чадварыг муутгадаг гэх нэг хувилбар юм байна.

Гуравдугаарт, PM2.5 тоосонцрыг шингээж авсан тархины дархлааны эс болох “microglia” үрэвсэж, зөнөх өвчнийг өдөөдөг байх магадлалтай гэнэ.

“Бид эдгээр механизмыг сайн ойлгож чадвал агаарын бохирдлоос үүдэлтэй тархины өвчнөөс сэргийлэх эм, эмчилгээний аргыг гаргаж авах боломжтой болно” гэж Ганди тайлбарлажээ.

 

Эх сурвалж: The Guardian