Уншиж байна ...

Сонгуульд нөлөөлөх Оросын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгвөл $10 саяар шагнахаа АНУ-ын эрх баригчид амлав

Т.Давааням, ikon.mn
5 цаг 49 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын төрийн департамент тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөх зорилготой ажиллагаа явуулж буй гадаадын хувь хүн, байгууллагын талаар мэдээлэл өгсөн хүнийг $10 саяар шагнах болзлыг өчигдөр зарлажээ.

Арваннэгдүгээр сарын 5-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт зохион байгуулагдах юм.

“Rewards for Justice” хөтөлбөрийн хүрээнд зарласан шагналын мэдээлэлдээ төрийн департамент Оросын хэвлэл мэдээллийн байгууллага болох Рыбарь компанийг онцолсон байна.

Тус байгууллагыг сошиал орчинд “Үзэн ядалт, хүчирхийллийг дэвэргэж, нам хоорондын зөрчил болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлд АНУ-ын нийгмийг турхирч, хагалан бутаргах ажиллагаа явуулдаг” гэж буруутгажээ.

Тухайлбал Рыбарь компани Х платформд ”TexasvsUSA” нэртэй суваг үүсгэж, Техас мужийн хилээр хууль бус цагаачид олноор нэвтэрч буй тухай хуурамч мэдээг түгээж байсан байна.

Бас сошиал орчинд #HOLDTHELINE, #STANDWTHTEXAS нэртэй хаштагуудаар Оросын суртал нэвтрүүлгийг цацаж байжээ.

Рыбарийг 2022 онд АНУ-ын сангийн яамны хориг арга хэмжээгээр шийтгүүлсэн Оросын батлан хамгаалах аж үйлдвэрийн “Ростек” байгууллагаас санхүүждэг тухай төрийн департаментын мэдэгдэлд дурдсан байна.

“Рыбарь нь Оросын армийн нэр хүндийг бэхжүүлэх, Оросыг дэмжигч Өрнөдийн эсрэг үзэл суртлыг түгээхийн тулд Ростекээс санхүүждэг” гэж мэдэгдэлд өгүүлжээ.

Рыбарийн үйл ажиллагаатай холбоотой ямар нэг мэдээлэл, ялангуяа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх ажиллагаа явуулахад нь тусалсан нэр бүхий есөн хүний талаар мэдээлэлтэй хүмүүст “Rewards for Justice” хөтөлбөртэй холбогдохыг төрийн департамент уриалжээ.

Рыбарь нь Украинд явуулж буй Оросын эзлэн түрэмгийлэх дайныг дэмжигчдийн дунд алдартай, 1.3 сая дагагч бүхий Телеграм сувгийг ажиллуулдаг.

Уг сувгийг Оросын Спецназ тусгай хүчний албан хаагч асан, батлан хамгаалах яамны ажилтан асан Михаил Звинчуктэй хамтран байгуулжээ.

Звинчукийн нэр 2023 оны зургаадугаар сард Европын Холбооны хар жагсаалтад нэмэгдэж байсан юм.

Одоо тэрбээр Украины дайны талаар өдөр бүр мэдээлэл түгээдэг, Оросын хамгийн алдартай, нөлөө бүхий цэрэг дайны сэдвээр бичдэг блогчин болоод байна.

 

Эх сурвалж: AFP