Уншиж байна ...

Умард Солонгос 12,000 цэргээ Оросын талд байлдуулахаар Украинд илгээх шийдвэр гаргасныг Өмнөд Солонгосын тал батлав

Т.Давааням, ikon.mn
58 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгос 12,000 цэргээ Оросын талд байлдуулахаар Украинд илгээх шийдвэр гаргасныг Өмнөд Солонгосын тагнуулын алба Баасан гарагт мэдээлжээ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл энэ асуудлаар үндэсний аюулгүй байдлын шуурхай хуралдаан зохион байгуулсны дараа тус улсын Үндэсний Тагнуулын Алба дээрх мэдээллийг баталгаажуулсан юм.

Эхний ээлжийн 1,500 цэргийг аравдугаар сарын 8-наас 13-ны хооронд Оросын тэнгисийн хөлгүүдээр Умард Солонгосын Чонжин, Хамхун, Мусудан хотуудын орчмоос Владивосток боомтод тээвэрлэн хүргэснийг тагнуулын алба олж мэдсэн байна.

Хоёр дахь хэсгийн тээвэрлэлтийг удахгүй зохион байгуулахаар бэлдэж буйг бас мэдээлжээ.

Пёняны эрх баригчид нийтдээ 12,000 цэргийг Украины фронтод илгээх шийдвэр гаргасныг эх сурвалж баталсан байна.

Тэдгээрийн дунд Умард Солонгосын элит хүчний анги нэгтгэлийн цэргүүд багтаж байгаа гэнэ.

Илгээсэн цэргүүдийг Алс Дорнодын Владивосток, Уссурийск, Хабаровск, Благовещенск зэрэг газруудад тараан байрлуулж, Оросын армид уусган нэгтгэх ажлыг явуулж байгаа ажээ.

Тухайлбал тэдэнд Оросын цэргийн дүрэмт хувцас өмсгөж, Оросын цэргийн буу зэвсэг дээр дадлагажуулж байгааг Сөүлийн албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Бас Умард Солонгосын цэргүүд дайнд оролцож буйг нууцлах зорилгоор Оросын иргэний хуурамч бичиг баримт бэлдэж байгаа талаар баримт илрүүлжээ.

Бэлтгэл хангагдсаны дараа тэднийг Украины фронтод илгээх юм байна.

Өмнөд Солонгос улс Оросын нутаг дэвсгэр дэх Умард Солонгосын цэргүүдийн байрлал, шилжилт хөдөлгөөнийг холбоотнуудынхаа тусламжтайгаар анхааралтай ажиглаж байгаа ба шаардлагатай арга хэмжээг тухай бүрд нь авахыг ерөнхийлөгч Юн Сүк Ёлын хэвлэлийн алба өчигдөр мэдэгджээ.

Орос, Умард Солонгосын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа сүүлийн нэг жилийн хугацаанд эрчимтэй өргөжиж байна.

Эхлээд хоёр улс Украины дайнд ашиглах зэр зэвсэг наймаалцаж байсан бол одоо цэргийн хүч солилцож эхэлжээ.

Пүрэв гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленский хэлсэн үгэндээ Умард Солонгосын 10,000 орчим цэрэг эзлэгдсэн нутаг дэвсгэрт нь илгээгдэхээр бэлтгэгдэж байгаа тухай мэдээллийг тагнуулын алба нь олж авсныг зарлаж байв.

Өмнөд Солонгосын тагнуулын албаны өчигдрийн мэдэгдлийн дараа НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рутте энэ асуудлаар “холбоотнуудтайгаа, ялангуяа Өмнөд Солонгосын талтай” нягт холбоотой ажиллаж байгааг мэдэгджээ.

Европын Холбоо бас уг асуудалд анхаарлаа хандуулж, мэдээлэл батлагдвал зохих хариу арга хэмжээг авахаар төлөвлөснөө зарласан байна.

“Украины эсрэг явуулж буй эзлэн түрэмгийлэх дайнд БНАСАУ-аас үргэлжлүүлэн цэргийн хүчний дэмжлэг үзүүлбэл зохих хариу арга хэмжээг авах болно” гэж Европын Холбооны хэвлэлийн төлөөлөгч Питер Стано хэлжээ.

 

Эх сурвалж: Yonhap News