Уншиж байна ...

Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянсын айлчлал өндөрлөв

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч хатагтай Сюзан Лаянсын албан ёсны айлчлал өндөрлөлөө.

Айлчлалын хүрээнд Сенатын Ерөнхийлөгч С.Лаянс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Улсын Их Хурал (УИХ)-ын дарга Д.Амарбаясгалан болон УИХ дахь Монгол-Австралийн парламентын бүлгийн гишүүдтэй хоёр талын уулзалт хийв.

Мөн Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын гишүүд, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцсон юм.

зураг
 

Түүнчлэн Австралийн Засгийн газрын санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй зарим төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тухайлбал “Эмэгтэйчүүдийн Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг бэхжүүлэх” хөтөлбөрт хамрагдаж буй айл өрхөөр зочилж, Үндэсний номын сангаар зочилсон юм.

Сенатын Ерөнхийлөгч С.Лаянсын энэхүү айлчлал нь Монгол, Австралийн харилцааг бэхжүүлж, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, Иж бүрэн түншлэлийн түвшинд ахиулах хоёр талын зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Сенатын Ерөнхийлөгч С.Лаянсыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд УИХ-ын, Монгол-Австралийн парламентын бүлгийн дарга М.Энхцэцэг, УИХ дахь Монгол-Австралийн парламентын бүлгийн дэд дарга О.Батнайрамдал, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Смит болон албаны бусад хүмүүс үдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.