Уншиж байна ...

Г.Отгонтамир: Зам засварын үеэр иргэд, жолооч нар хүлээцтэй хандаж, дүрэм зөрчихгүй байхыг зөвлөе

Д.Янжиндулам, ikon.mn
12 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Амралтын өдрүүдэд долоон байршилд авто замыг хэсэгчилж хааж байгаа учраас бусад замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэнэ. Энэ үеэр замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч нар бусдад хүндэтгэлтэй, хүлээцтэй хандахыг уриаллаа.

Энэ талаар Тээврийн Цагдаагийн Албаны/ТЦА/ Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир "НЗХГ-аас зам засварын ажил хийж, Улаанбаатар хотод замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж байгаа.

Энэ удаад буюу аравдугаар сарын 18-ны 23:00 цагаас аравдугаар сарын 21-нийг хүртэлх хугацаанд нийслэлийн таван дүүргийн долоон байршилд зам засварын ажил явагдана. Үүнд:

  • Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Архивын Ерөнхий Газраас Нисэхийн тойргийн зүүн эгнээ
  • Яармагийн "Номин моторс" төвөөс "Титан" центр хүртэлх зам
  • Энхтайвны гүүрнээс Тэмээтэй хөшөө хүртэлх зам
  • Сонгинохайрхан дүүрэг, Толгойтын далан дагасан авто замаас Баянхошуу хүртэлх замыг аравдугаар сарын 18-21-ний хооронд тус тус засна.

Баянгол дүүрэг, Петролиум ШТС-аас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх замыг аравдугаар сарын 18-19-нийг дуустал, Чингэлтэй дүүрэг, Хайлаастын хуучин эцсээс 17-ын уулзвар хүртэлх замыг аравдугаар сарын 18-20-ныг хүртэл засварлана.

Скай ресортоос Их тэнгэр хүртэлх замын хөдөлгөөн аравдугаар сарын 21-ний өглөө нээгдэнэ. Эдгээр байршлаас бусад замыг сонгож явахыг иргэдэд зөвлөе. Зам засварын ажил хийгдэх үед иргэд, жолооч нар хүлээцтэй, бусдадаа хүндэтгэлтэй хандаж, дүрэм зөрчихгүй, анхаарал болгоомжтой зорчихыг уриалж байна" гэж мэдээллээ.

Зам засварын ажлын хүрээнд авто замыг асфальт бетоноор хучиж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэж байгаа аж.