Уншиж байна ...

Умард Солонгост жүчегийн он тооллыг халж эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
1 цаг 33 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын дэглэм жүче буюу зөвхөн өөрийн хүчин чадал дээр тулгуурлан хөгжих үзэл номлолтой байдаг.

Үүний нэг илрэл нь жүчегийн он тоолол юм. Тус улсын үүсгэн байгуулагч Ким Ил Суны төрсөн он болох 1912 оныг жүчегийн анхдугаар он гэж үздэг.

Ким Ил Суныг зүрхний шигдээсээр нас барснаас хойш гурван жилийн дараа 1997 оноос эхлэн тус улс жүчегийн он тооллын бичгийг дэлхий нийтийн дагадаг Грегорийн он тоололтой зэрэгцүүлэн хэрэглэдэг болсон юм.

Тэгвэл сүүлийн өдрүүдэд Умард Солонгосын эрх баригчид жүчегийн тооллыг бага багаар халж эхэлснийг Өмнөд Солонгосын судлаачид олж мэдээлсэн байна.

Тухайлбал аравдугаар сарын 10-нд одоогийн удирдагч Ким Жон Уны хэлсэн үг, аравдугаар сарын 11-нд тус улсын гадаад хэргийн яамны мэдэгдлийг албан ёсны хэвлэлд нийтлэхдээ жүчегийн 113 дугаар оныг дурдаж байжээ.

Гэтэл Бямба гарагт Ким Жон Уны төрсөн дүү Ким Ёо Жоны мэдэгдлийг хэвлэлд нийтлэхдээ жүчегийн оныг дурдалгүй зөвхөн “2024 он” гэж бичсэн байна.

Умард Солонгосын төв хэвлэл Родон Синмун сонин Бямба гарагийнхаа дугаарт жүчегийн оныг дурдсан байснаа Ням гарагаас эхлэн зөвхөн Грегорийн тооллын оныг дурдах болжээ.

Үүнийг ажиглагчид Ким Жон Ун өөрийн засаглал, эрх мэдлийг бүрэн баталгаажуулж, өвөг дээдсийнхээ үлдээсэн өвд түшиглэлгүй, зөвхөн өөрийгөө тахин шүтүүлсэн нийгэм байгуулах хүсэл эрмэлзлийн илрэл гэж үзэж байна.

 

Эх сурвалж: Yonhap News