Уншиж байна ...

Оросын армид Умард Солонгосын 3,000 цэрэгтэй нэгж байгуулагдсан гэв

Т.Давааням, ikon.mn
28 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Оросын армид Умард Солонгосын 3,000 цэрэг бүхий нэгж байгуулагдсан тухай Украины тагнуулын албаны эх сурвалж мэдээлжээ.

Энэ талаар сэтгүүлчийн асуултад Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков няцаасан хариулт өгсөн байна.

“Энэ бол зөвхөн Британийн төдийгүй АНУ-ын тагнуулын албаны тарааж буй мэдээ. Тэд байнга ийм мэдээлэл тараадаг ч ямар нэг нотлох баримт үзүүлдэггүй” гэж тэр мэдэгджээ.

Сүүлийн үед Орос, Умард Солонгосын харилцаа улам бүр гүнзгийрч байгаа. Саяхан ОХУ-ын ерөнхийлөгч Путинд илгээсэн төрсөн өдрийн мэндчилгээндээ Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун түүнийг “дотны найз нөхөр” гэж тодорхойлсон байв.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский саяхны мэдэгдэлдээ Умард Солонгосын цэргүүд дайнд оролцож эхэлсэн тухай ярьсан. Өмнөд Солонгосын батлан хамгаалах яам бас үүнийг “өндөр магадлалтай” гэж дүгнэжээ.

Хамгийн гол асуудал нь одоо цэргийн тоо хэмжээ болж байна.

Оросын Алс Дорнод дахь батлан хамгаалахын эх сурвалж Владивостокоос хойд зүгт оршдог Уссурийскийн ойролцоох цэргийн баазад Умард Солонгосын цэргүүд ирж байрласныг мэдээлжээ.

Гэхдээ эх сурвалж тэдгээрийн тооны талаар “3,000 хүрэх хэмжээний биш” гэхээс өөр мэдээлэл өгөөгүй байна.

Цэргийн зарим мэргэжилтнүүд Умард Солонгосын цэргүүд Оросын армид амжилттай уусан нэгдэж чадна гэдэгт эргэлзэж байгаагаа ярьжээ.

“Бүгд орос хэлээр ярьдаг хэдий ч Оросын хэдэн зуун хоригдлыг армид нэгтгэхэд тийм амар байгаагүй” гэж тэдний нэг тайлбарлаж байна.

3,000 ч гэсэн тулааны талбарт нөлөө үзүүлэх тоо биш гэж дүгнэжээ.

Умард Солонгос сум, зэвсэг хэрэгсэл Оросын армид нийлүүлж эхэлсэн нь бараг жилийн өмнөөс тодорхой болоод байгаа.

Гэхдээ Украинд байлдаж буй Оросын цэргүүд эдгээр сум хэрэгсэл стандартад нийцэхгүй байгаа талаар гомдоллодог тухай эх сурвалжууд мэдээлж байв. Найдваргүй сум хэрэглэсний улмаас цэргүүд шархдаж, гэмтсэн тухай мэдээлэл ч бий. Украины албаныхан Умард Солонгосын цэргүүдийг Монголын хилийн ойролцоо Улан-Үд орчимд бэлдэж байж болзошгүй гэж үзэж байгаа гэнэ.

“Тэдгээрээр Орос-Украины хилийн аль нэг хэсгийг хамгаалуулж, тэндээс чөлөөлөгдсөн Оросын анги нэгтгэлийг хаа нэгтээ шилжүүлэх гэж байж болзошгүй юм. Тэднийг шууд фронтын шугамд илгээх магадлал бага гэж үзэж байна” гэж Украины “Defence Express” сэтгүүлийн эрхлэгч Валерий Рябых тайлбарлажээ.

Умард Солонгосын арми 1.28 сая бие бүрэлдэхүүнтэй ч дайн тулаанд оролцож байсан туршлагагүй.

Тэд бас Зөвлөлтийн үеийн хуучин зэвсэг техникээр мэргэшсэн байдаг тул Оросын шинэ үеийн зэвсэгтэй ажиллах туршлагагүй юм.

Бас орос хэл мэдэхгүй тул харилцан ойлголцоход бэрхшээл гарна гэж үзэж байна.

Тиймээс Умард Солонгосын цэргүүдийг арын албанд, бүтээн байгуулалтын ажилд дайчлах магадлал өндөр гэж ажиглагчид дүгнэжээ.

Ямартай ч Москва, Пёнян хоёрт хэн хэнд нь харилцан туслалцах хэрэгцээ бий.

Пёнянд мөнгө, технологи хэрэгтэй бол Москвад сум, цэрэг хэрэгтэй.

“Пёнянд сайн мөнгө төлж, цэргийн технологиосоо хуваалцвал Оросын армид цэргээ илгээх боломжийг үгүйсгэх аргагүй. Энэ нь нэг талаасаа Умард Солонгосын цэргүүдэд жинхэнэ дайны талбарт туршлага суух боломж ч нөгөө талаасаа Өрнөд рүү оргон зайлах эрсдэл үүсгэж болзошгүй юм” гэж Korea Risk Group судалгааны хүрээлэнгийн захирал Андрей Ланков ярьжээ.

 

Эх сурвалж: BBC