Уншиж байна ...

Б.Чулуунхүү: Эрчим хүч, барилга, зам тээвэр, хөдөө аж ахуйн салбарт хүлэмжийн хийг 22.7% бууруулах зорилт тавьсан

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Биологийн олон янз байдал, Уур амьсгалын өөрчлөлт, Цөлжилттэй тэмцэх тухай" Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын суурь конвенцуудын талуудын бага хурлыг угтсан оролцогчдын дээд хэмжээний хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгуулагдав. 

Энэ үеэр Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан Байгаль орчин, уур амьсгалын сайдын зөвлөх Б.Чулуунхүүгээс тодруулахад "Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжихэд хөрөнгө оруулалтын хэрэгцээ, шаардлага их байгаа. 

Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээрт Монгол Улс амлалт буюу зорилтоо тодорхойлж оролцдог. Энэхүү зорилтоо таван жил тутам ахиулан тодорхойлж, хэрэгжүүлэх үүрэг хүлээн ажиллаж байгаа.

Эрчим хүчний томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь өнөөгийн зорилт. Нөгөө талдаа

  • Малын тоо толгойг тодорхой түвшинд бууруулах
  • Евро-5 түлшийг ашиглах
  • Хүлэмжийн хийг бууруулах 

Мөн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. 

Хүлэмжийн хийг 22.7 хувиар бууруулах зорилт тавьсан. Энэ зорилтын дийлэнхийг эрчим хүч, хөдөө аж ахуй, зам тээвэр, хог хаягдал болон барилгын салбар хангана.

Бүх салбар яамд урьдчилсан судалгаа хийж, хүлэмжийн хий хэр хэмжээнд өсөх төсөөллөө гаргаж ямар арга хэмжээ авч бууруулах вэ гэдгээ тодорхойлон буурах хэмжээгээ тооцож, бодлогын баримт бичигтээ тусгах юм. Үүнийг Байгаль Орчин, Уур Амьсгалын Яам нэгтгээд олон улсын зорилт болгон цааш хүргүүлдэг.

Одоо дэвшүүлж буй 22.7 хувиар бууруулах зорилт 2025 он гэхэд дахин шинэчлэгдэн тодорхойлогдох ёстой. Тэгэхээр Монгол Улс зорилтоо ахиулах үүрэгтэй. Тиймээс 22.7-гоос их болгоно гэсэн үг.

Судалгаа шинжилгээний байгууллага болон бодлого хэрэгжүүлж буй яам, тамгын газрын оролцоотойгоор өргөн хүрээний судалгаа хийснээр хэчнээн хэмжээний хүлэмжийн хийг аль салбараас бууруулах вэ гэдэг нь тодорхой болно гэсэн үг" гэлээ.