Уншиж байна ...

С.Одонтуяа: Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт рүү дэлхий нийтээрээ 14 хоног анхаарал хандуулна

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Биологийн олон янз байдал, Уур амьсгалын өөрчлөлт, Цөлжилттэй тэмцэх тухай" Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын суурь конвенцуудын талуудын бага хурлыг угтсан оролцогчдын дээд хэмжээний хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгуулагдав. 

Хэлэлцүүлгийн зорилго нь

  • Нэгдэн орсон конвенцуудын хүрээнд хүлээсэн үүрэг, амлалт, түүний биелэлт
  • Байгаль орчны өөрчлөлтөд бэлэн байгаа эсэхийг үнэлэх, тэгш хүртээмжтэй оролцоог хангах
  • Монгол Улс 2026 онд хүлээн авах "Цөлжилтийн тэмцэх тухай" конвенцын Талуудын 17-р бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсаас олон улсад дэвшүүлэх “Газрын талаарх урт хугацааны хөтөлбөр”-ийн үндэслэл, үзэл баримтлал, зорилтыг тодорхойлоход оршиж байгааг танилцуулсан юм. 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа хэлэхдээ "Ногоон эдийн засаг, ногоон эрчим хүч рүү шилжихэд бидний ажлын гол чиглэл оршино. Энэ хүрээнд дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь тэргүүний ажил. 

Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийг хэрхэн даван туулах, сөрөх чадвартай вэ гэдэгт онцгой анхаарах шаардлага тулгарч байна. Жишээлбэл үер, ган, хуурайшил зэрэг асуудлыг дурдаж болох юм. 

Үүний зэрэгцээ хүний хүчин зүйлээс шалтгаалан байгаль орчин, уур амьсгал өөрчлөгдөж буй үзүүлэлт 50 гаруй хувьтай байна. Тиймээс энэ хүрээнд онцгой анхаарах шаардлагатай. 

Хууль, эрх зүйн орчин маш чухал. Уур амьсгалын өөрчлөлтийг дэмжих чиглэлээр шинэчлэгдэн батлагдсан хуулийн хэд хэдэн заалт бий. 

Тухайлбал Аж Ахуйн Нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд мод тарих, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх, хөв цөөрөм байгуулах ажилд хөрөнгө мөнгө зарцуулбал татварын орлогоос нь чөлөөлөх, татвар төлсөнд тооцох хуулийг батлуулсан. Энэ бол чухал үр дүн юм.

ААН-үүдээ урамшуулах, хөшүүргийн тогтолцоог бий болгох ажил чухал.

Боловсруулах үйлдвэрийн бүх тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлсөн. Жишээлбэл хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд тоног төхөөрөмж нь орж ирэхэд хуучин дэмжлэг байдаггүй байсан бол одоо бүгд гаалийн татвараас чөлөөлөгдөж байгаа" хэмээв. 

"Дан ганц төсөвт найдаад хангалтгүй учраас олон улсын байгууллагуудыг татан оролцуулах нь чухал"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн тэрбээр сэтгүүлчийн асуултад дараах хариултыг хэллээ. 



Сэтгүүлч: Дэлхийн Банкнаас гаргасан тайланд ирэх 10 жилийн хугацаанд Монгол Улс шинээр дахин 25 тэрбум ам.долларыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд зарцуулах шаардлагатай байна гэж дүгнэжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг авахад санхүүжилтэд ямар шалгуур байдаг вэ?

Сайд С.Одонтуяа: Дэлхийн ямар ч улс орон дан ганц өөрсдийн төсвөөр байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх боломж хомс.

Яагаад гэвэл асар их хэмжээний хөрөнгө, санхүүжилт шаарддаг салбар. Мэдээж төсвийн тодорхой хувийг зарцуулна. 

Гэхдээ олон улсын хамтын нийгэмлэгийн улс орнууд. Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) болон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд ажилладаг олон улсын ТББ-ууд руу хандаж, санхүүжилт татах ажлыг хийх шаардлага бий. 

Ийм учраас хөрөнгө санхүүжилт татах зорилгоор Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яамны харьяа Гадаад хамтын ажиллагааны газрыг нэмж байгуулсан. 

Дан ганц төсөвт найдаад хангалтгүй учраас олон улсын байгууллагуудыг татан оролцуулах ёстой. Энэ хүрээнд 2026 онд Монгол Улсад НҮБ-ын цөлжилтийн талуудын хурал болно.

Ингэснээр Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт рүү дэлхий нийтээрээ 14 хоног анхаарал хандуулна гэсэн үг. Энэ боломжийг ашиглан улс орныхоо цөлжилттэй тэмцэхэд хөрөнгө мөнгө татах боломжтой. 

Одоо Азербайжан улсын Баку хотод дэлхийн томоохон хурал болно. Монголын талаас олон төлөөлөгч явж туршлага судална.