Уншиж байна ...

У.Отгонжаргал: Хятадад үйлдвэрлэсэн зам талбайн цэвэрлэгээний 33 машиныг жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтой

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 12 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний зориулалттай таван төрлийн 33 машин, техникийг нийслэл хүлээн авчээ.

Авто зам дээрх цас, мөсийг арилгаж, давс бодисыг цацах давхар үйлдэлтэй машин 10, авто замын цэвэрлэгээний шүүрт машин 8, авто замын цэвэрлэгээний вакум соруулагч машин 2, даралтат усаар зам угаагч машин 3, цас цэвэрлэгч шүүр, цас үлээгч бүхий бага оврын 10 ачигч машиныг тус бүр хүлээн авсан бөгөөд Хот тохижилтын газар болон дүүргүүдэд хүлээлгэн өгөх юм байна. Нийслэл хотын зам талбайн цэвэрлэгээг дүүргүүд хариуцдаг болсон билээ.

Эдгээр машин, техникийг Монгол орны эрс тэс уур амьсгалд дөрвөн улирлын турш ашиглах боломжтой аж.

Энэ талаар УБЗАА-ын Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлийг үе шаттай хийж байна. Энэ хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар цас цэвэрлэгээ, түрэх, давс цацах зориулалттай 10 машин, 8 шүүрт машин, бага оврын цас цэвэрлэх, шидэх зориулалттай 10 машин гээд хот цэвэрлэгээний 33 машиныг хүлээн авлаа. Энэ онд нийт 80 гаруй машин, техникийн шинэчлэлт хийж байгаа.

Хамгийн сүүлд гэхэд модны навч зэрэг хөнгөн юмсыг соруулах зориулалттай 46 шинэ тоног төхөөрөмжийг нийлүүлсэн” гэв.

Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний зориулалттай 33 машин, техникийг Хятад улсын “Ченли” групп оруулж ирсэн бөгөөд тус группийн Монгол дахь төлөөлөгч У.Отгонжаргал “Бидний оруулж ирдэг зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний машин, техникүүд хэрэглэхэд авсаархан хэдий ч хүчин чадал сайтай.

Нэг техникээр хүний хийж болох хэд хэдэн үйлдлийг хурдан шуурхай, чанартайгаар хийх боломжтой.

Тухайлбал цас соруулдаг машин цас соруулахаас гадна дотроо 7-10 тонны давс бодисын нөөцийн савтай. Давсыг автоматаар буталж, 12 метр хүртэл газарт цацдаг.

Зам угаагч машин 10 тонны усны нөөцийн савтай, шороо босгохгүйгээр бага усаар өндөр даралтаар их талбайг цэвэрлэдэг” гэж техникийн үзүүлэлтийг танилцууллаа.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг