Уншиж байна ...

“Хүүхэдгүй амьдрал” сурталчлахыг хориглосон хуулийн төсөл Оросын парламентаар дэмжигджээ

Т.Давааням, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Оросын төрийн Дум өчигдөр буюу Пүрэв гарагт “Хүүхэдгүй амьдрал” сурталчлахыг хориглох тухай хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээрээ дэмжжээ.

Уг хуулийн төсөлд иргэдийн дунд хүүхэд төрүүлэлгүй амьдрах замыг хөхүүлэн дэмжсэн хувь хүнийг 400,000 рубль ($4,115), байгууллагыг таван сая рублиэр ($51,440) торгох заалт оруулсан байна.

Энэ нь Оросын эрх баригчдын гэр бүлийн уламжлалт үнэт зүйлсийг хамгаалах өргөн хүрээтэй кампанит ажлын нэг хэсэг болж байгаа ажээ.

Уг арга хэмжээнд ЛГБТ буюу бэлгийн цөөнхийн суртал нэвтрүүлгийг хориглох хууль бас багтдаг юм.

Сүүлийн саруудад Оросын эрх баригчид гэр бүлүүд олон хүүхэдтэй байхын ач холбогдлыг идэвхтэй сурталчилж, парламентын дээд танхим Холбооны Зөвлөлийн дарга Валентина Матвиенко хүүхэдгүй амьдралыг “Өрнөдийн радикал фэминист үзлийн нэг хэсэг” хэмээн тайлбарлаж байв.

Орос улсын хүн ам тасралтгүй хорогдож байгааг тус улсын ерөнхийлөгч Владимир Путин нийгмийн хамгийн хурц асуудал гэж үздэг.

Гэхдээ засгийн газрынхаа төрөлтийг дэмжих бодлогыг “ирээдүйн цэргүүдийг бэлдэх” далд зорилготой гэж шүүмжлэх хүмүүс байгаа юм.

Саяхан хийсэн судалгаагаар Оросын иргэдийн дунд Украины дайн, улс төрийн тогтворгүй байдал, санхүүгийн хүндрэл, нийгмийн айдас түгшүүр зэргийн улмаас хүүхэд төрүүлэхээ хойшлуулах болон бүрмөсөн татгалзах явдал нэмэгдсэн нь харагдаж байв.

 

Эх сурвалж: Radio Free Europe