Уншиж байна ...

АНУ-ын арми Йемений босогчдын нууц байгууламжуудыг бөмбөгдөхдөө анх удаа B-2 нисэх онгоцыг ашиглажээ

Т.Давааням, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт АНУ-ын зэвсэгт хүчин Йемен дэх Хути босогчдын нууц байгууламжуудыг устгах агаарын довтолгооны ажиллагааг явуулжээ.

Ингэхдээ радарт илрэхгүй нисэх чадвартай хамгийн орчин үеийн B-2 Spirit бөмбөгдөгч онгоцнуудыг ашигласнаа Пентагон мэдээлсэн байна.

Үүнийгээ Иран зэрэг Америкийн дайснуудад “устгаж болохгүй”, “нууж болдог” юм байхгүйг харуулах зорилготой байсан гэж тайлбарлажээ.

Дээрх онгоцнууд нь хүрэхэд хэцүү байг устгах тусгай зориулалттай юм.

Лхагва гарагийн цохилтоор Йемений босогчдын зэр зэвсгээ хадгалдаг газар доорх өндөржүүлсэн бэхлэлттэй таван агуулахыг устгасан тухай Пентагоны тэргүүн Ллойд Остин мэдээлжээ.

Хути босогчид энд хадгалдаг пуужин, дрон, сум хэрэгслээрээ Улаан тэнгис, Адены булангаар дамжин өнгөрдөг ачаа тээврийн хөлгүүдэд довтолдог байсан гэнэ.

“Газрын дор ямар ч гүнд, ямар ч зузаан бэхлэлт, ямар ч сайн хамгаалалттай байхаас үл хамаараад дайсны байгууламжийг устгах чадалтайгаа АНУ-ын зэвсэгт хүчин харууллаа” гэж Остин мэдэгджээ.

Энэ нь Йемений босогчдын эсрэг АНУ анх удаагаа B-2 төрлийн бөмбөгдөгч ашигласан тохиолдол юм.

Одоо тус улсын агаарын зэвсэгт хүчинд 19 ширхэг B-2 бий гэдэг.

Northrop Grumman компанид үйлдвэрлэсэн энэ онгоцны нэг бүрийн өртөг $2 тэрбум орчим юм.

АНУ-ын агаарын зэвсэгт хүчний хүнд бөмбөгдөгч онгоцны бааз Миссури мужийн Whiteman Air Force Base ажээ.

Ердийн болон цөмийн бөмбөг тээвэрлэх чадвартай энэ стратегийн бөмбөгдөгч онгоц нэг удаагийн шатахуун дүүргэлтээр 11,000 гаруй километрийн зайд нисэх чадвартай.

Агаарын зэвсэгт хүчин уг онгоцыг “Дайсны хамгийн боловсронгуй хамгаалалтыг нэвтэлж, хамгийн үнэ цэнтэй, өндөр хамгаалалттай байд цохилт өгөх онцгой чадвартай” гэж тодорхойлсон байдаг.

B-2 бөмбөгдөгчийг Хүйтэн дайны үед Зөвлөлтийн хамгаалалтын системийн эсрэг анх зохион бүтээж эхэлсэн ч зэвсэглэлд шилжих үед нь Зөвлөлт улс нэгэнт задарсан байсан гэдэг.

Сүүлийн 30 орчим жилийн хугацаанд B-2 бөмбөгдөгчүүд дэлхийн янз бүрийн бүс нутагт байлдааны ажиллагаанд оролцож байв.

Йеменээс өмнө хамгийн сүүлд 2017 оны эхээр Ойрх Дорнодын бүс нутагт Исламын Улс террорист байгууллагын эсрэг агаарын ажиллагаанд оролцож байжээ.

 

Эх сурвалж: Business Insider