Уншиж байна ...

Хамасын дээд удирдагч Яхья Синвар алагдсаныг Израилийн батлан хамгаалах яам баталлаа

Т.Давааням, ikon.mn
50 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-ны халдлагын гол зохион байгуулагч, Палестины Хамас зэвсэгт байгууллагын дээд удирдагч Яхья Синвар алагдсаныг Израилийн батлан хамгаалах яам өчигдөр баталжээ.

Газын зурваст байлдааны ажиллагаанд оролцож байсан Израилийн цэргүүд нуранги дороос түүний цогцсыг олсон байна.

Жил гаруйн өмнө эхэлсэн Газын дайны турш Израилийн эрэн сурвалжилж байсан хүмүүсийн жагсаалтын тэргүүнд Синварын нэр бичигдэж байв.

Хамасын тал удирдагчийнхаа үхлийн талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй байна. Израилийн батлан хамгаалах яам олдсон цогцост ДНХ шинжилгээ хийсний дараа Синвар мөн болохыг тогтоожээ.

Израилийн гадаад хэргийн сайд Кац энэ үйл явдлыг “Израилийн армийн хувьд цэрэг дайны болон ёс суртахууны том амжилт” гэж нэрлээд “барьцааны хүмүүсийг нэн даруй суллах боломж” гэж дүгнэсэн байна.

Синварыг урьдчилж төлөвлөсөн агаарын цохилтын бай болоогүй, харин тулааны талбарт байлдаж байгаад алагдсан гэж Израилийн тусгай албаны төлөөлөгч мэдэгджээ.

Цэргийн хантаазтай, толгойдоо шархтай, нуранги дундаас цухуйж буй Синвартай төстэй эрэгтэй хүний цогцсын гэрэл зураг өчигдөр сошиал орчинд тарсан юм.

Израилийн тусгай албаны эх сурвалж уг зургийг өөрсдөө авсныг хүлээн зөвшөөрсөн байна.

Лхагва гарагт Израилийн цэргүүд Хамасын хэсэг дайчдыг мөшгөсөөр нэгэн барилгад оруулсны дараа танкаар буудаж уг барилгыг нураахад Синвар тэдний дунд байсан гэж Израилийн хэвлэл мэдээлжээ.

Хамасын хамгийн хатуу чиг баримтлалтай удирдагчдын нэг гэгддэг байсан Синвар 1980-аад оны сүүл үеэс 2011 он хүртэл Израилийн шоронд хоригдож байсан юм.

Тухайн үед тэр тархины хорт хавдраа эмчлүүлсэн тул Израилийн талд эрүүл мэндийн бүх мэдээлэл нь үлджээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Бaйден уг асуудлаар мэдээлэл авч, Цагаан ордны албаныхан Израилийн талтай нягт холбоотой ажиллаж байгааг эх сурвалжууд мэдээлсэн байна.

Хамасын өмнөх удирдагч Исмаил Хания өнгөрсөн долдугаар сард Ираны нийслэл Тегеран хотод алагдсаны дараа Синвар тус байгууллагын дээд удирдагч болсон юм.

2023 оны аравдугаар сарын 7-ны өдөр Хамасын дайчид Израилийн нутаг дэвсгэрт гэнэдүүлэн дайрахдаа 1,200 орчим энгийн иргэний амийг хөнөөж, 250 орчим хүнийг барьцаалж байлаа.

Тэдгээрийн гуравны нэгийг үхсэнд тооцож байгаа бөгөөд 100 орчим нь Газын зурвасын хаа нэгтээ барьцаалагдсан хэвээр байгаа гэж үздэг.

Үүний дараа Газын зурваст эхэлсэн Хамас-Израилийн дайны турш 42,000 гаруй палестин хүн алагдаад байгаа.

Тэдгээрийн хэд нь энгийн иргэн, хэд нь Хамасын гишүүн болохыг ялгаж чадахгүй байгаа ч талаас илүү нь хүүхэд, эмэгтэйчүүд болохыг Газ дахь Палестины засаг захиргааныхан баталж байна.

Синвар алагдсан нь Хамасын хувьд том хохирол болох хэдий ч дайныг нэн даруй дуусгах шалтгаан болохгүй гэж зарим ажиглагчид дүгнэжээ.

 

Эх сурвалж: BBC