Уншиж байна ...

Г.Отгонтамир: Иргэд шөнө оройн цагаар явган зорчихдоо тод, гэгээлэг өнгийн хувцас өмсөх нь дутмаг байна

Д.Янжиндулам, ikon.mn
4 цаг 28 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Шар дарцаг” аяныг 2021, 2022 онд “Анхааралтай байвал аюул үгүй”, 2023 онд “Хамтдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” уриатайгаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн суралцагч нарт, 2024 онд “Хариуцлагатай жолооч” уриатайгаар хүүхэд, эцэг эх, жолооч нарт хандан зохион байгуулж байна.

Аяны хүрээнд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн бүсэд шар дарцаг байршуулсан бөгөөд иргэд, хүүхдүүд зам гарахдаа ашиглах юм байна. Үүнээс гадна сургууль, цэцэрлэгийн орчмын явган хүний гарцыг камержуулах аж.

Иргэд шөнө оройн цагаар зорчихдоо тод өнгийн хувцас өмсөх нь зам тээврийн осолд өртөхөөс сэргийлдэг болохыг зөвлөв.

Тээврийн Цагдаагийн Албаны/ТЦА/ Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир "Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвийн 45 камераар нийслэлийн ерөнхий боловсролын сургууль орчим болон бусад хэсгүүдэд нь хяналт тавьдаг. Хичээл орох буюу тарах цагуудад илүүтэй хяналт тавьдаг байна. Сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагуудад теле камерыг түлхүү ашиглахыг зөвлөдөг.

Ялангуяа сургууль орчмын явган хүний гарцыг камержуулахыг ажлыг үр дүнтэй зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Нийслэлийн ЕБС-уудын дийлэнх нь явган хүний гарц руу чиглэсэн хяналтын камергүй байна. Камертай сургуулиудын бичлэгээр "School police"-ийн ажиллаж байгаа байдлыг баримтжуулж байгаа юм.

Шар дарцгийг хүүхдүүд ашиглаж хэвшсэн байна. Харин насанд хүрсэн иргэд шөнө оройн цагаар зорчихдоо тод, гэгээлэг өнгийн хувцас өмсөх нь дутмаг байна. Шөнө оройн цагаар хар бараан өнгийн хувцастай зорчиж яваа үед тээврийн хэрэгслийн жолоочид 25-30 метрийн зайд дөхөж ирж байж харагддаг байна.

Осол гарсны дараа жолоочоос мэдүүлэг авахад "Гэв гэнэт урдуур хүн гүйж орж ирсэн" гэдэг. Гэтэл хар бараан өнгийн хувцастай хүн шөнийн цагаар тээврийн хэрэгслийн гэрлийн гялбаанд харагдахгүйгээс осолд өртөх эрсдэл болдог тул иргэд гарцаар гарахдаа шар дарцгийг ашиглаж байхыг зөвлөе" гэв.

Өнгөрсөн жил нийслэлийн 1,377 байршилд 38,000 ширхэг шар дарцгийг сургууль, цэцэрлэгийн бүсэд байршуулж байжээ.