Уншиж байна ...

Д.Хадбаатар: "Галлахдаа анхааръя" аяны хүрээнд мэргэжлийн байгууллагаас бүрдсэн баг гэр хорооллын айлуудаар шалгалт хийнэ

Э.Тэмүүлэн, iKon.mn
5 цаг 18 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Онцгой Байдлын Газар (НОБГ)-аас "Галлахдаа анхааръя" нөлөөллийн аян зохион байгуулж буй талаар Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тэрбээр "Нийслэлийн хэмжээнд 2024 оны аравдугаар сарын 16-ны байдлаар объектын гал түймэртэй холбоотой 1,444 дуудлага бүртгэгдсэн.

Үүний улмаас 35 иргэн амь насаа алдаж, аж ахуйн нэгж байгууллагад нийт 9.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Гал түймрийн аюулаас онцгой байдлын албан хаагчид аж ахуйн нэгж байгууллагын 295 тэрбум төгрөгийн хөрөнгийг хамгаалсан тоон баримт бий.

Дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1,264 буюу 12.6 хувиар өссөн бол галд өртөж амиа алдсан иргэдийн тоо 21 буюу 60 хувиар өссөн байна.

Гал гарч байгаа шалтгаан нөхцөлийн дийлэнх нь иргэдийн буруутай үйлдлээс болдог.

Мөн нийслэлийн хэмжээнд 583 буюу нийт гал түймэр гарсан дуудлагын 40.3 хувийг нь гэр хорооллын галын аюулгүй байдлын дуудлага эзэлж буй юм. Тиймээс манай байгууллагаас "Галлахдаа анхааръя" нөлөөллийн аяныг эхлүүлж байна.

Уг аяныг нэг сарын хугацаанд зохион байгуулна. Энэ хугацаанд мэргэжлийн байгууллагаас бүрдсэн баг гэр хорооллын айлуудын аюулгүй байдлыг шалгаж, заавар зөвлөгөө өгөх байдлаар ажиллана. Тиймээс иргэдийг дэмжиж, ойлгож хүлээж авна гэж найдаж байна" гэсэн юм.