Уншиж байна ...

"Иргэн бүрд 600 оноо өгөөд АНУ шиг онооны системээр үйлчилдэг болно"

А.Ням-Өлзий, iKon.mn
5 цаг 46 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Америкт хэрэгждэг кредит онооны системийг авч хэрэгжүүлэх болсон гэж Монголбанкнаас мэдээлж байсан. Энэ их чухал систем юм. СӨХ-ны төлбөр, зээлээ төлдөггүй, санхүүгийн сахилга батгүй иргэн, аж ахуйн нэгжид оноо бий болгоно. Санхүүгийн сахилга бат сайтайд нь барьцаа бага, бага хүүтэй зээл олгодог. Харин эсрэгээрээ зээл, төлбөрөө төлдөггүй хэсэгт нь өндөр барьцаа, өндөр хүүтэй зээл олгодог систем рүү шилжих шаардлагатай. Тэгэхгүй бол одоо бүгдэд нь яг ижилхэн стандарт тавиад байгаа.

Иргэн, аж ахуйн нэгжүүд санхүүгийн сахилга бат сайтай байсныхаа төлөө урамшуулал аваад явбал банканд ч иргэнд ч хэрэгтэй. Энэ нь банкны системийн хүүгийн өсөлтөд асар их хэрэгтэй. Ийм системийг Монголбанкны ерөнхийлөгч өөрийн эрх хэмжээний хүрээнд журам гаргаад нэвтрүүлж болдоггүй юм уу.

Тэгэхгүй бол зарим айл нь СӨХ-ны төлбөрөө тогтмол төлдөг. Гэтэл зарим нь огт төлдөггүй. Энэ хүртэл санхүүгийн хариуцлага шүү дээ. Энэ болгоныг үнэлдэг оноо байх хэрэгтэй.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 2012 онд Зээлийн мэдээллийн сангийн тухай хууль гараад хэрэгжээд явж байгаа. Энэ хуулийн хүрээнд “Сайн скор”, “Бүрэн скор” гэдэг хоёр компани зээлийн оноо, зэрэглэл тогтоодог эрх аваад үйл ажиллагаа явуулж байна.

“Сайн скор” гэдэг компани нь АНУ-д ашигладаг системийг нэг сарын өмнөөс нэвтрүүлээд явж байна. АНУ-д иргэн регистрийн дугаар, төрсөн он сар, тэгээд энэ системийн оноо гэсэн гурван янзын тоо л цээжлээд явж байхад бүх үйлчилгээнд ашигладаг.

Тэгэхээр иргэнд 600 хүртэл оноо өгч эхэлнэ.

Өмнө нь иргэдийн бүх төлбөр, зээлийн мэдээлэл Монголбанкны зээлийн мэдээллийн санд хуримтлагдаж, хар жагсаалт гэдэг нэртэй болчхоод байсан. Одоо харин онооны систем руу шилжсэнээр хувь хүн болгонд оноо өгөөд явна. Энэ систем хэрэгжээд эхлэхээр хамгийн өндөр оноотой нь хүү багатай, сайн нөхцөлтэй зээл авна. Муу байх юм бол бусад улсын жишгээр хил давахад нь хүртэл онооны систем нөлөөлдөг болно.