Уншиж байна ...

Б.Энхбаяр: 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр гишүүдэд охин компаниар дамжуулж хамгийн их хандив өгсөн хүмүүс нь банкны эзэд

Н.Эрхбаяр, iKon.mn
6 цаг 6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Сүүлийн 30 жилийн бизнесийн үйл ажиллагаанд гол оролцогч, нөлөөлөгч болсон хүмүүс бол банкны эзэд. Банкны эзэд сүүлийн 30 жилд Монголын улс төр хэн байхыг тодорхойлдог болсон. 

Монголын аль олигтой, чөлөөт өрсөлдөөнд байж болох бизнесийг эрхэлдэг. Уул уурхай руу орсон, хамгийн сүүлд эрчим хүч рүү орлоо. Арилжааны банкны эзэд өөрсдөө бизнес эрхэлдэг явдлыг халъя хэмээн сүүлийн 3-4 парламент дамжиж ярьж байна. 

Банкны тухай хуульд 2018 онд өөрчлөлт орж, "7.4.1.дангаараа буюу бусадтай хамтран санхүүгийн зах зээл дээр ноёрхох, өөр хоорондоо, эсхүл гуравдагч этгээдэд шударга бусаар давуу байдал бий болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулах, ийм үйл ажиллагаанд оролцох"-ыг хориглосон. Үүнд Монголбанк хяналт шалгалт хийх үү, УИХ-д танилцуулах уу. 

Хөгжлийн банк болон Нүүрсний сонсгол дээр банкны эзэд бүх зээлийг өөрсдөө авсан нь тодорхой болсон. Төрийн мөнгөөр улам бүр томорч байгаа нь тодорхой болсон.

2018 онд батлагдсан хуулиар банкны эздийг улс төрийн намд хандив өгөхийг хориглосон. Гэтэл 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр гишүүдэд арилжааны охин компаниар дамжуулж хамгийн их хандив өгсөн хүмүүс нь банкны эзэд. 

Өөрөөр хэлбэл банкны эзэд энэ танхимын хэдэн хувийг санхүүжүүлж шийдвэр гаргаж байгаа вэ гэдэг асуудалд Монголбанк ажиллаж байгаа юу? 

Цар тахлын үед Монголбанк нэг дүрмийг алдсан. Тэр бол улс төрөөс хараат бус байх буюу Засгийн газартай нэг хөнжилд дурлалцахгүйгээр үнсэлцэхгүй гэх алтан зарчим цар тахлын жилүүдэд зөрчигдсөн. 

Монголбанк цаашдаа улс төрийн шийдвэр гаргалтаас хэрхэн хараат бус байх боломжтой вэ. Томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх Засгийн газрын бодлого төгрөгийн ханш дээр яаж нөлөөлөх вэ гэдэгт тооцоо судалгаа хийсэн зүйл байна уу" хэмээн асуулаа.

Түүний асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Банкны тухай хуулийн 7.1-д ямар үйл ажиллагаа эрхэлж болох вэ гэдгийг хориглосон зүйл заалт бий. Банк нь аж ахуйн нэгж гэдгээр явж байгаа. 

Банкны эзэн буюу хувьцаа эзэмшигчид нь хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаж, 10 хувиа олон нийтийн эзэмшил болгосон. Та банкны хамгийн том хувьцаа эзэмшигчдийг ярьж байгаа байх. Үүнтэй холбоотой зүйл манай хууль дээр байхгүй. 

Банкны эзэн банкны хэдэн хувийг эзэмшиж байгаа нь хуульд байгаа. Өөр бизнес рүү орох, компанийн хувь эзэмших заалт нь манай хуультай хамааралгүй. Тиймээс Монголбанкны зүгээс үүнд хяналт тавьж ажилладаггүй. 

Төв банкны тухай хуульд дээр хараат бусаар шийдвэр гаргана гэж явдаг. Мөнгөний бодлогын хүүг өсгөх эсвэл бууруулах шийдвэрийг УИХ-аас сонгогдсон долоон хүн хараат бусаар гаргадаг" хэмээн хариулав.