Уншиж байна ...

М.Нарантуяа Нара: ИЗНН болон Үндэсний Эвслийн дарга нар ирцээ бүртгүүлсэн хэр нь хуралдаа суухгүй, попроод байна

А.Ням-Өлзий, iKon.mn
5 цаг 24 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нара чуулганы танхимд суудаггүй гишүүдэд арга хэмжээ авах санал гаргав. 

Тэрбээр "УИХ-ын даргад зарчмын санал хэлье. Аргатай, зальтай хэд хэдэн гишүүн байна. Хурууны хээгээ уншуулчхаад гараад явдаг. Бүтэн өдөр хуралдаа орж ирдэггүй. Орж ирж үг хэлж, попорчхоод, гараад явдаг. Эдгээр хүмүүсийн ирц parliament.mn сайтад бүртгэгдсэн хэр нь яг үнэндээ энэ танхимд суугаад иргэдээ төлөөлөх ажлаа хийхгүй байна. Энэ бол зөвхөн өнөөдрийн асуудал биш. Өмнөх хуралдаан, ээлжит бус хуралдааны үед ч ийм байсан. Би энд суугаад ажиглаад л байгаа. Би өөрөө Ёс зүйн хороогоор орсондоо шаралхаад ажиглаад байгаа юм биш.

Бид яах гэж энд орж ирсэн юм. Энд сууж иргэдээ төлөөлөхөөр орж ирсэн. Гэтэл бусдынхаа асуулт, ажлын хэсгийнхний хариултыг сонсолгүйгээр зөвхөн өөрийнхөө асуултыг асуучхаад гараад явдаг байх юм бол яаж ажлаа хийх юм.

МАН, АН, ХҮН намууд эвсэл байгуулсан. Гэтэл сөрөг хүчин болох Иргэний Зориг Ногоон Нам болон Үндэсний Эвслийн дарга нар нь хуралдаа суудаггүй. Ирцээ бүртгүүлчхээд явдаг.

Би намын дарга Б.Батбаатарыг гайхаж байна. Сүүдрийн засгийн газар байгуулна гэсэн. Энэ дотор хяналт тавихгүйгээр яаж сүүдрийн засгийн газар байгуулах гээд байгаа юм бол. Худлаа попроод яваад байдаг.

Тиймээс ирцээ бүртгүүлсэн хэр нь нэг цагаас илүү хугацаагаар орж ирдэггүй гишүүдийг тасалснаар бүртгэдэг болъё гэдэг санал гаргаж байна. Чуулганы хуралдааныг өрөөнөөсөө үзэх, гэрээсээ үзэх ямар ялгаатай юм. Үүнийг өрөөнөөсөө чуулганы хуралдаан үзээд сууж байдаг гишүүдэд хандаж хэлж байгаа юм" гэв.