Уншиж байна ...

Д.Оюунбат: Хотын гудамжаар тарваганы мах хаясан гэх гурван дуудлагын дагуу 23 тарваганы сэгийг илрүүлэн шалгаж байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
7 цаг 19 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан гал түймрийн дуудлага мэдээлэл нэмэгдэж байгаа тул "Галлахдаа анхааръя" аяны хүрээнд Нийслэлийн Онцгой Байдлын Газар (НОБГ)-аас мэдээлэл өглөө.

Энэ үеэр Нийслэлийн Онцгой Комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат тарваган тахлаас урьдчилан сэргийлэх ажлын талаар товч мэдээлэл хүргэсэн юм.

Тэрбээр "Тарваган тахал болон хүн, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын "А948" дугаартай захирамж гаргасан.

Энэ хүрээнд наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 15-ныг дуустал Цагдаагийн Ерөнхий Газар болон бусад албаныхантай хамтраад авто тээврийн 10 товчоогоор хяналтын ажил зохион байгуулсан.

Уг ажлын явцад 3,100 гаруй албан хаагчид 112,600 гаруй тээврийн хэрэгслийг шалгаснаас 70 удаагийн үйлдлээр 291 тарвага агнасныг илрүүлсэн. Үүнээс 139.4 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүлж, хураасан махыг шинжилгээнд хамруулаад, устгах арга хэмжээ авсан.

Улсын хэмжээнд тарваган тахлаар өвдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Харин сэжигтэй тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн. 

Тухайлбал өнгөрсөн долдугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймагт тарваган тахлын нэгдүгээр хавьталд орсон байж болзошгүй сэжигтэй тохиолдлоор хоёр иргэн Улаанбаатар хотод ирсэн. Албаныхан тухайн иргэдийг тодорхой хугацаанд хянасны эцэст тахлын шинж тэмдэг илрээгүй.

Мөн энэ сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах "Блю Скай" зочид буудлын гурван давхарт тарвага байна, мөн дуудлага өгсөн иргэн халуурсан гэсэн мэдээллийн дагуу шалгахад өвчний шинж тэмдэг илрээгүй.

Дуудлага өгсөн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаж байна.

Түүнчлэн хотын гудамжаар тарваганы мах хаясан байна гэсэн дуудлага гурван удаа ирсэн. Үүний дагуу 23 тарваганы сэгийг холбогдох албаныхан илрүүлж, шалгасан.

Улсын хэмжээнд 106 мал, амьтны онцгой халдварт өвчин бүртгэгдсэн. Үүнээс хонины цэцэг өвчин 91, бог малын мялзан өвчин 10, гахайн мялзан өвчин тав байгааг тогтоосон. 

Өнөөдрийн байдлаар Өвөрхангай аймгийн Баянгол, Богд суманд хорио цээрийн дэглэм тогтоосон байгаа.

Мөн хоёр хоногийн өмнө Дорноговь аймгийн Хатанбулаг суманд ямааны годрон өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Шинжилгээний хариу нь одоогоор гараагүй байна" гэж ярилаа.