Уншиж байна ...

Энэ онд камерын хяналтаар 1,652 гэмт хэрэг, 8,393 зөрчлийг илрүүлж алга болсон бага насны 200 хүүхдийг олжээ

М.Батчимэг, ikon.mn
6 цаг 6 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ногоон бүс буюу камержуулалт, камерын хяналтаар илрүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө. 

Цагдаагийн байгууллагаас аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт олон улсын стандартад нийцсэн камержуулах ногоон бүс төслийг 2022 оноос хойш гурван үе шаттай хэрэгжүүлж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар аймгуудад нийт 17,513 цэгт 23,014 камер, Нийслэлд нийт 24,470 цэгт 32,315 камер байршуулж ашиглалтад оруулаад байгаа аж. 

Энэ онд камерын хяналтаар 1,652 гэмт хэрэг, 8,393 зөрчлийг илрүүлэн иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээж, бага насны 200 хүүхэд оршин суугаа газраасаа алга болсныг олж, тогтоон эцэг, эх асран хамгаалагчид хүлээлгэн өгчээ. 

"Бүрэн камержсан Чингэлтэй дүүрэгт гэмт хэргийн тоо 37 хувиар буурсан"

1-р үе шатад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг бүрэн камержуулжээ. Үр дүнд нь тус дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэргийн дуудлага мэдээлэл 48.6 хувиар, гудам талбайд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 37 хувиар буурч гэмт хэргийн илрүүлэгт 41.9 хувиар өссөн байна. 

2-р үе шатад Улаанбаатар хотын гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг 12 хороог сонгон авч камержуулжээ. Төслийн хугацаанд нийт 489 камерыг засварлан 476 камерын чигийг өөрчилж, 1,714 камерыг шинээр байршуулж 800 анхааруулах тэмдгийг нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан байна. Камерын туршилтаар тухайн хороодын 1,000 метрт дугуйтай хүн явуулаад үзэхэд нийт 40 удаа камерт өртсөн үзүүлэлт гарчээ. 

3-р үе шатыг энэ онд багтаан хэрэгжүүлэх ба аймаг, нийслэлийн бүх баг хороо, сум, дүүргийг аж ахуйн нэгжийн оролцоотойгоор камержуулах, хяналтын камерын дэд төвүүдийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулах зорилтыг тавьсан байна. 

Хяналтын камеруудын хэвийн ажиллагааг хангах үүднээс цагдаагийн байгууллагаас теле камерын хяналтын судалгаа буюу камеруудын хэвийн ажиллаж байгаа эсэхийг харж болох системийг ажиллуулж эхэлсэн байна. Хэрэг мөрдөн шалгаж буй цагдаа хаана хяналтын камер байна гээд хайгаад явах биш уг системээсээ шууд харах боломжтой тул цаг хугацаа хэмнэж байгаа юм гэдгийг цагдаагийн байгууллагаас онцлов.