2024 оны эхний есөн сард татварын нийт орлого ₮20 их наядад хүрч, өмнөх жилийн мөн үеэс 26 хувь өсжээ
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 22.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 5.1 их наяд төгрөг буюу 29 хувиар, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 21.3 их наяд төгрөгт хүрч, 26 хувиар тус тус өссөн байна.
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ дурдсан хугацаанд 19.8 их наяд төгрөгт хүрч тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 их наяд төгрөгийн ашигтай гарсныг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв.
Зураг, Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, зарлага, тэнцэл, их наяд төгрөгөөр
Татварын нийт орлого 2024 оны эхний есөн сард 20 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.1 их наяд төгрөг буюу 26 хувиар өсөхөд
- орлогын албан татварын орлого 47.3 хувь буюу 2.1 их наяд төгрөг,
- нэмэгдсэн өртгийн албан татвар 26.9 хувь буюу 913.8 тэрбум төгрөг,
- нийгмийн даатгалын орлого 21.1 хувь буюу 578.2 тэрбум төгрөг,
- гадаад үйл ажиллагааны орлого 23.8 хувь буюу 252.8 тэрбум төгрөг,
- онцгой албан татвар 38.2 хувь буюу 226.6 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
