Уншиж байна ...

"Чингис хаан банкны эзэмшигчид гаднын хөрөнгө оруулагчдад хувьцаагаа зарах санал гаргасныг судалж байгаа"

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 10 сарын 17
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банкуудын эзэмшигчдийн нэрийг зарлахыг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс шаардав. Мөн “Эрдэнэс Тавантолгой”, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын данс аль банканд байршдагийг тодруулав.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Чингис хаан банкийг эзэмшдэг гурван хөрөнгө оруулагч байдаг. Иргэн Батаа, Батхүү, Бүтэд гэдэг гурван хүний нэр дээр байдаг. Эдгээр хүмүүс хувьцаагаа гаднын хөрөнгө оруулагчдад заръя гэдэг санал гаргаад түүнийг нь Монголбанк хянаж байгаа. Хөрөнгө оруулалтын мөнгө нь орж ирэх юм бол энэ банкийг өөр хөрөнгө оруулагчтай болгоод босгоод явахаар байгаа.

Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь компанийн нэр дээр байдаг. Тухайн компани нь хэд хэдэн хүмүүст хуваагддаг. Тэр дундаас Д.Сумъяабазар гэдэг хүн нэлээн том хувьцаа эзэмшигч.

Эцсийн өмчлөгчийн тухайд банк өөрөө нээлттэй зарлаад өөрийн вэб хуудсандаа тавих ёстой. Би энэ мэдээллийг тавиулна гэдэг үүрэг авъя. Мөн хэн нь хэдэн хувь эзэмшдэг гэдэг нарийн мэдээллийг гаргаж, Н.Алтанхуяг гишүүнд хүргүүлье.

“Эрдэнэс Тавантолгой”, "Эрдэнэт үйлдвэр" гээд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн данс хэдэн хэдэн банканд байгаа. Төлбөр тооцоо хийж байгаа байдлаас нь харахад Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хаан банк, Төрийн банкны дансаар төлбөр тооцоо, орлого нь ордог.

Харилцагчийн мэдээлэл гэдэг утгаараа аж ахуйн нэгжүүд өөрсдөө мэдээлээд явах нь зөв байх" гэдэг хариулт өглөө.