Уншиж байна ...

"Он гарсаар нийслэлд 728 хүүхэд гэмтсэн. Гэр, сургууль хооронд явах, хороолол дотор тоглож байхдаа авто осолд өртсөн тохиолдол зонхилж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
5 цаг 5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор НЗДТГ-аас “Шар дарцаг” аяныг 4 дэх жилдээ зохион байгуулж байна.

Уг аяны талаар Тээврийн Цагдаагийн Албаны/ТЦА/ Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир "Шар дарцаг аяныг нэг сарын хугацаанд өрнүүлэх хүрээнд ТЦА хамтран оролцож байна. Бид нэг ч гэсэн хүүхдийг осолд өртүүлчихгүйг хичээж байгаа юм.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.2-т шөнө оройн цагаар буюу үзэгдэх орчин хангалтгүй үед явган зорчигч тод өнгийн хувцас өмсөхийг зөвлөсөн байдаг. Энэ дагуу явган зорчигчийн зохицуулдаггүй гарц болон сургууль орчмын бүсэд байршуулсан шар дарцгийг иргэд ашиглаж, зам гарна. Харин тээврийн хэрэгслийн жолооч 100-150 метрийн зайнаас шар дарцгийн цацруулагчийг анхаарч, хурдаа сааруулах үүрэгтэй.

Энэ оны эхэн есөн сарын байдлаар Улаанбаатар хотод 669 хүүхэд өртсөн осол бүртгэгдсэн. 669 ослын улмаас 728 хүүхэд гэмтсэн. Гэмтсэн хүүхдүүдийн дийлэнх явганаар зорчиж байгаа осолд өртсөн байна. Гэр, сургууль хооронд явах, хороолол дотор тоглож байгаад зам тээврийн осолд өртсөн тохиолдол зонхилж байна.

Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш буюу есдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэл сургууль орчмын бүсэд 11 хүүхэд зам тээврийн осолд өртсөн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Эдгээр 11 хүүхдээс 7-15 насны есөн хүүхэд явганаар зорчиж байхдаа зам тээврийн осолд өртөж гэмтсэн байна.

Сургууль, цэцэрлэгийн бүс орчмоор зорчиж байгаа жолооч нар хурдаа тохируулж, шар дарцаг барьсан хүүхдүүдэд зам тавьж өгч байхыг зөвлөе.

Цагдаагийн байгууллагаас ерөнхий боловсролын сургуулиудад, "School police"-д аюулгүйн зааварчилгааг  хүргэдэг.

ЕБС-уудад өдөрт 1,500 "School police" ажиллаж, шар дарцгийг ашиглаж байгаа юм" гэж мэдээллээ.

Шар дарцаг арга хэмжээний хүрээнд нийслэлийн 315 сургууль, 656 цэцэрлэгийн эцэг эх, асран хамгаалагч нарт сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.