Уншиж байна ...

Казах хэлийг доромжилсон шалтгаанаар Казахстаны хөл бөмбөгийн шигшээ багийн Орос дасгалжуулагч торгуулжээ

Т.Давааням, ikon.mn
1 цаг 59 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Казахстаны шигшээ багийн дасгалжуулагч, ОХУ-ын иргэн Станислав Черчесов казах хэлийг үл хүндэтгэсэн утгатай зүйл ярьсан нь олон хүнийг бухимдуулсан юм.

Тэрбээр хэвлэлийн хуралд казах хэлээр асуулт асуусан сэтгүүлчээс “Та франц хэлээр яриад байна уу?” гэж асуусан байна.

Зарим хүмүүс сэтгүүлч Францын шигшээгийн өмсгөлтэй байсан тул зориуд ингэж хошигносон гэж түүнийг өмгөөлж байв.

Гэсэн ч казахуудын бухимдлыг энэ тайлбар намжаагаагүй юм.

Тэгвэл Казахстаны Хөлбөмбөгийн Холбоо дасгалжуулагчид ёс зүйн шийтгэл оноож, төрийн албан ёсны хэлд хүндэтгэлтэй хандаагүй үндэслээр Черчесовыг 738,000 тэнгэгээр ($1,500) торгожээ.

“Черчесовын хошигнол мэдээж хэрээс хэтэрсэн. Энэ талаар би түүнтэй биечлэн уулзаж, төрийн хэлний ач холбогдлыг тайлбарлаж өглөө. Түүнийг торгуулиар шийтгэснээ би энд бас хэлмээр байна. Ёс зүйн асуудлаар бид цаашид үргэлжлүүлэн ажиллах болно” гэж Казахстаны Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Адлет Барменкулов өчигдөр мэдэгдсэн байна.

Зодог тайлахаасаа өмнө хаалгач байсан Черчесов энэ оны зургаадугаар сараас эхлэн Казахстаны үндэсний шигшээ багийг дасгалжуулах болсон юм. Өмнө нь тэр Оросын үндэсний шигшээ баг болон хэд хэдэн клуб, Польш, Унгарын клубийг дасгалжуулж байжээ.

 

Эх сурвалж: KazTAG