Уншиж байна ...

“Хуванцар хог хаягдлыг дахин боловсруулж, байгаль орчинд ээлтэй ногоон ирээдүйг бүтээхээс гадна хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг зорьж байна”

ikon.mn
2024 оны 10 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Ти Эм Эл Пластик ус, ундааны хуванцар сав дахин боловсруулах үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Агиймаатай ярилцлаа. 

- Юуны өмнө та өөрийгөө танилцуулах уу?

- Намайг Агиймаа гэдэг. Ти Эм Эл Пластик ус, ундааны хуванцар сав дахин боловсруулах үйлдвэрт нэгдээд 3 жил болж байна. Одоогоор компанидаа Гүйцэтгэх захирлын албан тушаалаас гадна Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр давхар ажиллаж байна.

- Танай компани ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

- Манай компанийн үндсэн үйл ажиллагаа нь хүний өдөр тутмын амьдралаас үүсдэг ус, ундааны хуванцар савыг дахин боловсруулан эдийн засгийн эргэлтэд оруулж ногоон эдийн засаг бий болгодог гэж ерөнхийдөө ойлгож болно.

Ингэхдээ бид Улаанбаатар хотод  3 цэгээр, Дархан-Уул аймагт 1 цэгээр дамжуулж түүхий эдийг цуглуулж ажиллаж байгаа ба сүүлийн жилүүдэд бусад аж ахуйн нэгжүүдтэй хамтрах, мөн түүхий эдээ анхдагч эх үүсвэрээс буюу орон сууцны СӨХ-уудтай хамтарч цуглуулж байна. Бид өнгөрсөн хугацаанд дэлхийн олон улс орны үйлдвэрлэлийн технологийг судалсны үндсэн дээр дэлхийд тэргүүлэх Европ технологийг нэвтрүүлэн ажиллаж байгаа ба үйлдвэрийн хүчин чадал жилд 27,000 тонн PET төрлийн хуванцрыг дахин боловсруулах буюу Монгол Улсын хэмжээнд үүсэж буй бух ус, ундааны хуванцар савыг 100% дахин боловсруулах боломжтой.

Бид одоогийн байдлаар 200 гаруй шууд, 2000 орчим шууд бус ажлын бий болгон олон улсын стандартад нийцсэн түүхий эд үйлдвэрлэж байна. Үйлдвэр ашиглалтад орсноос хойш бид АНУ-ын FDA, Олон улсын дахин боловсруулалтын GRS, Европын холбооны EFSA болон чанарын удирдлагын ISO 9001, Байгаль орчны удирдлагын тогтолцооны ISO 14001, Хүнсний аюулгүй байдлын FSSC 22000 зэрэг олон улсын стандартуудыг нэвтрүүлэхээс гадна Монгол улсдаа анх удаа хүнсний зориулалтаар ашиглах дахин боловсруулсан (rPET) үрлийн стандартуудыг боловсруулаад байна. Бидний үйл ажиллагаанд стандарт маш чухал байдаг.  

Бид үйлдвэрийн хүчин чадал жилд 27,000 тонн PET төрлийн хуванцрыг дахин боловсруулах буюу Монгол Улсын хэмжээнд үүсэж буй бух ус, ундааны хуванцар савыг 100% дахин боловсруулах боломжтой.

Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтөд анхаарал хандуулж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах тал дээр урт болон дунд хугацааны төлөвлөгөө боловсруулан ажиллаж  байгаа. Бидний хувьд ч мөн адил Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтөд эерэг нөлөө үзүүлэхэд хувь нэмэр оруулахаар өөрийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Хоёрдогч түүхий эдийг дахин боловсруулах нь эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлж, зах зээлийг тэлж маш олон ажлын байрыг нэмэгдүүлэхээс гадна, байгальд ээлтэй инновац, технологийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг.

- Та бүхний хөрөнгийн зах зээлд гарах болсон шалтгаан юу байсан бэ?

- Монгол Улсад хог хаягдлын менежмент болон дахин боловсруулах үйлдвэрүүд хөгжлийн эхэн үедээ явж байгаа. Энэ үед хууль тогтоох болон хэрэгжүүлэх байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, Төрийн Бус Байгууллагууд болон иргэдийн хувь нэмэр, оролцоо маш чухал байдаг. Иймээс байгальд ээлтэй, ногоон үйлдвэрлэлд бүх оролцогч талуудыг нэгтгэх, ухаалаг дадал хэвшлийг иргэдийн дунд бий болгох, тогтвортой байдал болон тойрог эдийн засгийг дэмжих  зорилгоор хөрөнгийн зах зээлд ногоон бондыг танилцуулж байна.

- Ногоон бондын талаар мэдээлэл өгч болох уу?

- Манай бонд нь санхүүгийн бус салбараас гарч буй анхны ногоон бонд юм. Мөн бид ногоон бондын баталгаажуулалтаа олон улсад нэр хүнд бүхий “Sustainable Fitch” агентлагаар хийлгүүлсэн ба бондын баталгаажуулалт нь “Excellent” буюу “Онц” гэж гарсан нь дотоодын зах зээлийн хамгийн өндөр үнэлгээ авсан ногоон бонд юм. Бид дотоодын зах зээлд тэргүүлэгч “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-тай хамтарч нээлттэй зах зээл буюу Монголын Хөрөнгийн бирж дээр уг ногоон бондын захиалгаа ирэх долоо хоногоос авч эхлэх ба энэ үеэр бонд болон компанийн тухай олон нийт илүү мэдээлэлтэй болно гэж найдаж байна.  

- Цаашдын зорилгын талаар бидэнтэй хуваалцвал?

- Бид байгуулагдсан цагаасаа эхлэн анхны эс үүсвэр дээр дахивруудыг ангилах дадал хэвшлийг бий болгох зорилгоор нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй ААН, үйлчилгээний байгууллагууд болон СӨХ-уудтай хамтран дахин боловсруулах ач холбогдол, хэрэгцээ шаардлагын талаар мэдлэг мэдээлэл олгож ирсэн. Мөн дахивруудыг анхны эх үүсвэр дээрээс дуудлагаар тээвэрлэх ажлыг эхлүүлээд байгаа.

Цаашид хөдөө орон нутгуудад үйл ажиллагаагаа тэлэн хог хаягдлын менежментийг боловсронгуй болгоход хувь нэмрээ оруулахаас гадна, орон нутагт бэлтгэн нийлүүлэх цэгүүдийг дэмжих, тээвэр логистикийн асуудлыг цогцоор нь шийдэхээр ажиллаж байна.  Өөрөөр хэлбэл бид Монгол Улсад үүсэж буй бүх хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Энэ нь эргээд нийгэм болон эдийн засагт ихээхэн ач холбогдолтой гэж харж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.