Уншиж байна ...

"Тэмдэгтийн хураамж төлөх зохицуулалт таксины үйлчилгээ эрхэлж байгаа иргэнд үйлчлэхгүй"

Д.Янжиндулам, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зөвшөөрөлгүйгээр таксины үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг 5 сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох хууль аравдугаар сарын 15-наас хэрэгжиж эхлээд буй. Энэхүү зохицуулалт такси үйлчилгээ эрхлэгч иргэнд хамаарахгүй гэдгийг албаныхан мэдэгдсэн.

Тэгвэл 2023 онд батлагдсан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд таксины үйлчилгээ эрхлэх бол тэмдэгтийн хураамжид 3-10 сая төгрөгийг төлж, зөвшөөрөл авахаар баталсан байдаг.

Хуулийн дагуу хувиараа таксинд явдаг иргэд үйлчилгээний хураамж төлөх эсэхийг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас тодруулахад "Такси үйлчилгээ нь нийтийн тээврийн төрөл. Уг үйлчилгээний зөвшөөрлийг зөвхөн ААН, байгууллагад олгох учир таксины үйлчилгээ эрхэлж байгаа иргэнд тэмдэгтийн хураамж төлөх зохицуулалт үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл такси үйлчилгээ эрхлэх ААН, байгууллага л тэмдэгтийн хураамж төлнө.

1999 онд батлагдсан Автотээврийн тухай хуульд тогтоосон цагт, заасан чиглэлд үйл ажиллагаа явуулдаг автобус болон такси үйлчилгээг нийтийн тээвэр гэж хэлнэ хэмээн заасан байдаг. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагаас ААН-д олгох зохицуулалттай юм. Иргэн хүн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх зохицуулалт байхгүй" гэж тайлбарлалаа.

Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газартай такси үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулсан таван ААН-ийн 251 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явдаг байна.