Уншиж байна ...

Өмнөд Америкийн бяцхан улс газрын тосны орлогынхоо хэсгээс насанд хүрсэн бүх иргэндээ $500 тараахаар болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
8 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Өмнөд Америк тивийн Гайана дэлхийн хамгийн хурдтай өсөж буй эдийн засагтай улс болоод байна.

АНУ-ын Exxon компани 2015 оноос хойш тус улсын нутаг дэвсгэрт нийтдээ 11 тэрбум баррель газрын тосны нөөц илрүүлээд байгаа.

Тус компанийн хэрэгжүүлж буй зургаан төсөл 2027 онд үр дүнгээ өгч эхэлсний дараа Гайана улс өдөрт 1.3 сая баррель газрын тос үйлдвэрлэдэг болж, дэлхийн топ 20 олборлогчийн тоонд орж, Катар улстай эн зэрэгцэх юм.

Энэ оны эхээр тус улсын олборлолт өдрийн 600,000 баррельд хүрснээр оны эхний хагаст дотоодын нийт бүтээгдэхүүний (GDP) хэмжээ нь 50 хувиар өссөн байна.

2022 онд Гайанагийн GDP 62 хувиар, 2023 онд 33 хувиар өсөж, нэг хүнд ногдох GDP нь 2020 оны $7,000-аас энэ онд $26,000 болж өсжээ.

Одоо тус улсын эрх баригчид Норвегийн баялгийн сантай ижил "Үндэсний Нөөцийн Сан" гэгчийг байгуулж, газрын тосны орлогоо хуримтлуулж, арвижуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Лхагва гарагт Гайана улсын ерөнхийлөгч Мохамед Ирфаан Али газрын тосны орлогоосоо 18 нас хүрсэн бүх иргэндээ $500 тараахаар болсныг зарлажээ.

Өмнө нь тус улс айл өрх бүрд $1,000 тараахаар төлөвлөж байсан ч энэ нь иргэн бүрд харилцан адилгүй хэмжээтэй хуваарилагдана гэсэн шүүмжлэл гарсан тул ийнхүү өөрчилсөн байна.

“Энэ бол хөгжил цэцэглэлт, өмч хөрөнгө, баялгийг бид хэрхэн тэнцүү хуваарилах хүсэл эрмэлзэлтэй байгаагийн илрэл юм” гэж Али мэдэгджээ.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад нь ард иргэддээ нэмэр болох зорилгоор нэг удаагийн ийм арга хэмжээ авч байгаагаа тэр тайлбарласан байна.

Өмнө нь Гайана улсын эрх баригчид бас энэ зорилгоор 200 гаруй төрлийн татвар, хураамжийг цуцалсан юм. Үүнд ус, цахилгаан, хүнсний зарим бүтээгдэхүүний нэмүү өртгийн албан татваруудыг бас хамруулж байв.

Гайана улс 800,000 орчим хүн амтай, газар нутгийн хэмжээ 214,969 км.квадрат (Монгол улсын газар нутгийн хэмжээнээс долоо дахин бага). Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага тус улсын иргэдийн 711,000 орчим нь 15-аас дээш настай гэж тооцоолсон байдаг.

Тиймээс насанд хүрсэн хүн амын тоог 660,000 орчим гэж үзвэл дээрх мөнгө хуваарилалтад $330 саяыг зарцуулах төлөвтэй байна.

Өмнөх өрх бүрд тараах хувилбараар бол $290 саяын зардал гарах тооцоотой байсан юм.

Гайана нь Өмнөд Америк тивийн цорын ганц англи хэлээр ярьдаг улс бөгөөд тус тивийн хойд эрэгт Венесуэл, Бразил, Суринам улсуудтай хил залган оршдог.

Эхлээд Нидерландын колони байсан тус улсыг 18 дугаар зууны сүүлээр Их Британи улс колоничилж байгаад 1966 онд тусгаар тогтнолоо олж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider