Уншиж байна ...

Украин улсыг цөмийн зэвсэгтэй болгох Зеленскийн санааг Путин “аюултай өдөөн хатгалга” гэж нэрлэв

Т.Давааням, ikon.mn
1 цаг 32 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт Европын Холбооны дээд хэмжээний чуулганд оролцохдоо Украины ерөнхийлөгч Володимир Зеленский хэрвээ тус улсыг НАТО-д элсүүлэхгүй бол өөрийгөө хамгаалахын тулд цөмийн зэвсэгтэй болохоос өөр аргагүйг анхааруулсан тухай мэдээлэл өчигдөр цацагджээ.

Украин улс 1991 онд Зөвлөлт Холбоот Улсыг задрахад дэлхийд гуравт орох хэмжээний цөмийн зэвсгийн нөөцийг өвлөн авч байжээ.

Харин үүнээс хойш гурван жилийн дараа АНУ, ОХУ-ын зүгээс аюулгүй байдлын баталгаа өгсний үндсэн дээр бүх цөмийн зэвсгээсээ татгалзаж байсан юм.

Будапештын Меморандум гэж нэрлэгддэг энэхүү баталгааны дагуу Украин болон бусад Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улс орнуудын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг гэрээнд оролцогч талууд хүлээн зөвшөөрөх амлалт авсан байдаг.

Гэтэл Будапештын Меморандум цөмийн зэвсгээсээ татгалзсаны хариуд өгөх ёстой зүйлээ өгөөгүйг Зеленский өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.

Тэрбээр Пүрэв гарагт Европын удирдагчдад хандаж үг хэлэхдээ Украин улсад богино хугацаанд цөмийн зэвсэг бүтээх нөөц, ур чадвар байгааг анхааруулсан тухай эх сурвалжууд мэдээлсэн юм.

Гэхдээ Баасан гарагт сэтгүүлчид энэ талаар нь тодруулахад Зеленский “Манай улс бол энх тайвныг эрхэмлэгч улс. Өнөөдөр бидний хувьд ямар ч зэвсгээс илүү NATO хэрэгтэй” гэж хэлжээ.

Өөрөөр хэлбэл тэр цөмийн зэвсэгтэй болохын оронд NATO-гийн хамгаалалтад орохыг илүүд үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

зураг
 

Тэгвэл өчигдөр БРИКС-ийн орнуудын сэтгүүлчидтэй уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дээрх санааг “аюултай өдөөн хатгалга” гэж дүгнэжээ.

”Энэ бол маш аюултай өдөөн хатгалга. Энэ чиглэлд хийсэн ямар ч алхам зохих хариугаа амсах болно. Орчин үеийн дэлхий ертөнцөд цөмийн зэвсэг бүтээх нь тийм ч хэцүү зүйл биш. Украинд ингэх чадвар бий эсэхийг би мэдэхгүй байна. Өнөөгийн байдлаар бол тэдэнд тийм ч амархан байхгүй байх. Гэхдээ ерөнхийдөө цөмийн зэвсэгтэй болох тийм хэцүү зүйл биш” гэж Зеленскийн ярьсан зүйлийн талаар асуултад Путин хариулсан байна.

 

Эх сурвалж: AFP