Уншиж байна ...

Гол цахилгаан станц нь гэмтлийн улмаас зогссоны дараа Куба улсыг бүхэлд нь “харанхуй” нөмөрчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
33 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орон нутгийн цагаар 11:00 цагийн үед Куба улсын гол цахилгаан станцад гэмтэл гарсны улмаас орон даяар эрчим хүчний хангамж тасарчээ.

Хангамж хэзээ буцаж сэргэхийг хэлж мэдэхгүй байгаагаа эрчим хүчний албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Энэхүү тасалдлын өмнөх өдөр буюу Пүрэв гарагт Кубын ерөнхий сайд улс орон даяар “эрчим хүчний онц байдал” зарлаж байв.

Баасан гарагт Куба улсын хамгийн том эрчим хүч үйлдвэрлэгч болох Матанзас дахь Антонио Гитерасын станц гэмтлийн улмаас зогссон юм.

Тус улсын ерөнхийлөгч Мигэль Диаз-Канел Бермудез гэмтлийг засварлах нь түүний “тэргүүн зорилт” болоод байгааг мэдэгджээ.

“Хангамжийг сэргээх хүртэл амралтгүй ажиллах болно” гэж тэр Х хуудсандаа бичсэн байна.

Өчигдөр өглөө тус улсын эрх баригчид эрчим хүч хэмнэх зорилгоор бүх сургуулиуд болон онц шаардлагагүй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг Даваа гарагт хүртэл хааж байгааг зарлаж байжээ.

Бас хөргөгч, богино долгионы зуух зэрэг эрчим хүчний өндөр хэрэглээтэй цахилгаан тоног төхөөрөмжүүдийг оргил цагаар ашиглахгүй байхыг иргэдэд анхааруулсан юм.

Пүрэв гарагийн орой телевизээр ард иргэддээ хандаж үг хэлэхдээ Кубын ерөнхий сайд Мануэл Марреро хуучирч муудсан дэд бүтэц, түлш шатахууны хомсдол эрчим хүчний доголдлын гол шалтгаан болж буйг тайлбарлаж байв.

Сүүлийн хэдэн жил үргэлжилсэн Кубын эрчим хүчний хямрал өчигдөр туйлдаа хүрсэн гэж үзэж болохоор байна.

2021 оны долдугаар сард олон өдөр дараалан үргэлжилсэн цахилгааны тасалдлыг эсэргүүцсэн хэдэн мянган хүн гудамжинд жагсаж байв.

Хөргөгч, хөлдөөгчид нөөцөлсөн хоол хүнс нь муудаж, зуны халуунд сэнс, сэрүүцүүлэгчгүй болсон иргэдийн бухимдал ингэж илэрч байжээ.

Цахилгаангүй болсны улмаас орон сууцнууд усгүй болж, автомашинууд бензин шатахуунгүй болсон нь нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн юм.

Коммунист дэглэмтэй Куба улсад эрх баригчдыг шүүмжлэх, эсэргүүцэл илэрхийлэх нь ховор үзэгдэлд тооцогддог. Гэвч эрчим хүчний гүнзгий хямрал тус улсын иргэдийн тэвчээрийг барж болзошгүй болоод байна.

 

Эх сурвалж: BBC