Уншиж байна ...

Украины тал ОХУ-д ирсэн Умард Солонгосын цэргүүдийн дүрс бичлэгийг нийтлэв

Т.Давааням, ikon.mn
6 цаг 43 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Украины албаны эх сурвалж өчигдөр Оросын армийн хангамжийн хувцас, хэрэгслийг авахаар дугаарлан зогсож буй Умард Солонгосын цэргүүдийн дүрс бичлэгийг нийтэлжээ.

Уг бичлэгийг Украины соёл, мэдээллийн яамны харьяа Стратеги, Харилцаа, Мэдээллийн Аюулгүй Байдлын Төв нийтэд үзүүлсэн байна.

“Бид уг бичлэгийг өөрсдийн эх сурвалжаас олж авсан. Аюулгүй байдлын үүднээс эх сурвалжийн баталгааны талаар нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй. Бичлэгт Оросын армийн удирдлага дор Умард Солонгосын иргэдэд цэргийн дүрэмт хувцас тарааж байгаа нь тодорхой харагдаж байгаа. Энэ бичлэг нь Умард Солонгосын цэрэг Оросын талд байлдахаар болсныг батлах анхны видео баримт тул маш чухал юм. Тэд зөвхөн сум хэрэгслээр тогтохгүй, хүн хүчээр оролцдог болж байна” гэж тус төвийн тэргүүн Ихор Соловей ярьжээ.

Бичлэгийг Оросын нэг цэргийн алба хаагч хэдхэн өдрийн өмнө үйлдсэнийг тэр баталсан байна. Гэхдээ бичлэгийг хэрхэн олж авсан болон байршлын талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Украины цэргийн тагнуулын албаны тэргүүн Кирило Буданов уг бичлэгийг нийтлэгдэхээс өмнө Умард Солонгосын 11,000 орчим явган цэрэг Оросын Алс Дорнодод бэлтгэгдэж байгаа тухай хэвлэлд ярьсан юм.

Тэднийг арваннэгдүгээр сард бэлтгэлээ дуусгаж, Украинд ирэх төлөвтэйг тэр бас хэлсэн байна.

2,600 орчим нь Украины цэргийн хяналтад газар нутгийн зарим хэсэг нь байгаа ОХУ-ын Курск мужид хуваарилагдах магадлалтайг Буданов нэмж хэлжээ.

“Ямар ч тооны шинэ цэргийн хүч нэмэгдэх нь асуудал юм. Учир нь бидэнд тэднийг устгах нэмэлт зэвсэг хэрэгтэй болно. Энэхүү бичлэгийг тараасан нь Украины эсрэг албан ёсоор дайтаж байгаа хоёр улсын түрэмгийллийг няцаахын тулд бидэнд илүү их дэмжлэг хэрэгтэй болсныг олон улсын хамтын нийгэмлэгт харуулах ач холбогдолтой” гэж Соловей тайлбарласан байна.

 

Эх сурвалж: Associated Press